Ганцаарчилсан төрлийн 18, хосын төрлийн гурван удаагийн Гранд Сламын аварга, бөх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй теннисчдийн нэг болох Крис Эверт нэгдүгээр шатны өндгөвчний хорт хавдар туссан гэдгээ олон нийтэд мэдээллээ. Өдгөө 67 настай тэрээр энэ тухайгаа “Энэ тухайгаа эрт мэдэж авсандаа баяртай байна. Та бүхэнд миний эрүүл мэнд болон эмчилгээнд санаа тавьж буйд маш ихээр талархаж байна” гэжээ.
1954 онд АНУ-н Флорида мужид төрж бүх насны ангилалд улсынхаа чансааг тэргүүлж 15 насандаа тухайн үеийн дэлхийн чансааг тэргүүлэгч Маргарет Коуртыг ялж дэлхийд танигдаж байсан нэгэн. 1974-1981 оны хооронд дэлхийн чансааг тэргүүлсэн бөгөөд зодог тайлсныхаа дараа 2011 оноос эхлэн ESPN-д спортын тайлбарлагч аналистаар ажиллаж эхэлсэн.
Мөн түүнтэй 15 жилийн туршид мэргэжлийн түвшинд хамгийн хүчтэй өрсөлдсөн Мартина Навратилова өөрийн цахим хаягаараа “Бид бүгд чиний ард чамайг дэмжиж байгаа Крис. Чи бол жинхэнэ аварга. Мөн чамайг хорт хавдар гэх шинэ өрсөлдөгчөө төвөггүй ялж чадна гэдэгт чинь итгэж байна” гэж бичиж түүнд урам зориг өгсөн байна.