Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг төрөлх спорт жүдо бөхөөсөө зодог тайлж холимог тулааны төрөлд хүч үзэж цаашдаа UFC-ийн аварга болох зорилготой байгаа гэдгээ хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Хэрвээ тэрээр UFC-д орж цаашлаад аваргын бүсийг авахаар болбол одоогийн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аваргын бүсийг эзэмшигч Рөүз Намаюнастай нүүр тулах болно. Тэгвэл та бүхэнд М.Уранцэцэгийн ирээдүйн өрсөлдөгч болох Рөүз Намаюнасг гэж хэн бэ?
Рөүз Намаюнас 1992 онд АНУ-ын Милаукий хотод Литвийн цагаач гэр бүлд төрсөн. Анх таван насандаа таэквондогоор хичээллэж эхэлсэн бөгөөд есөн наснаасаа каратэ болон жью-жицүгээр мөн хичээллэж багаасаа тулааны урлагтай салшгүй холбоотой өссөн. Мөн ахлах сургуульдаа чөлөөт бөхөөр хичээллэж байсан удаатай. Тэрээр UFC-н хамгийн хөнгөн жин буюу 52кг ангилалд тулалддаг.
Холимог тулааны замналаа 2010 онд MMA холбооноос эхэлж нийт дөрвөн тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан амжилттайгаар UFC-тэй гэрээ байгуулж дебүтээ 2013 онд хийсэн. Ойролцоогоор хоёр жилийн дараа 2014 оны сүүлээр анхны бүсийн төлөөх тулаанаа хийсэн боловч Америк тулаанч Карла Эспарзад боолтоор ялагдал хүлээсэн. Тус тулаанаас дөрвөн жилийн дараа 2017 оны 11-р сарын 4-нд UFC 217 дээр аваргын бүсийн төлөө Польш тулаанч Йоанна Енджейчиктэй тулалдаж хүнд цохилтоор ялснаар UFC-н аваргын бүсийг албан ёсоор эзэмшиж эхэлсэн. Таван сарын дараа UFC 223 дээр мөн Йоанна Енджейчикийн эсрэг бүсээ хамгаалах тулаан хийж шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулсан. Гэвч арван гурван сар буюу нэг жил нэг сарын дараа UFC 237 дээр Жессика Андрадэд хүнд цохилтоор ялагдсанаар аваргын бүсээ алдсан. Түүний тулааны онцлог нь босоо байрлалаас хүчтэй цохилттойгоос гадна хөлөөрөө маш сайн тулалддаг тулаанч билээ. Үүнийгээ ч UFC 261-ийн үеэр харуулж аваргын бүсээ дахин авах тулаандаа Хятад тулаанч Жанг Вэйлиг нэгдүгээр үед өшиглөлтөөр буулган авч дахин аваргын бүсээ эзэмшиж эхэлсэн.
П.Тамир
Сэтгэгдэл (16)