2022 оны хоёрдугаар сарын 4-нд буюу ирэх сарын эхэнд БНХАУ-ын нийслэл Бээжин хотод өвлийн олимп эхлэх билээ. Тэгвэл уг үйл явдалтай холбоотойгоор тус улс сүүлийн хэдэн сарын хугацаанд дотоодын коронавирусын халдварыг 0 болгож өвлийн олимпыг үзэгчтэй зохион байгуулах зорилгын дор манай улстай хилээ хаах, гэнэтийн хөл хориог ойр ойрхон тавих, олон улсын нислэгүүдийг цуцлах гэх мэт аргуудыг хэрэглэсээр ирсэн. Гуравхан эерэг тохиолдлоос болж бүхэл бүтэн сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа гэдгээс тэдний дотоодын халдваргүй улс болохын тулд ямар их хичээж байгааг харж болно.
Тэгвэл энэ сарын 19-ний өдрөөс эхлэн дор хаяж хоёр долоо хоногийн туршид дэлхийн ихэнх орноос БНХАУ-руу явагдах байсан нислэгүүдийг манай урд хөрш цуцлаад байгаа юм байна. Үндсэндээ агаарын хилээ албан бусаар олимпын үеэр хааж байна гэхэд буруудахгүй. Олимпод оролцох тамирчдын хувьд тусгай нислэгээр БНХАУ-д нэвтрэх бөгөөд цар тахлын дэглэмийг маш чанга мөрдүүлэх тухай БНХАУ мөн мэдэгдсэн.
П.Тамир