Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан эхлэх цагаасаа 30 минут хоцорч эхлэв. Шалтгаан нь тус барилдааны зүүний магнайд гарч барилдахаар хүрэлцэн ирсэн даян аварга Н.Батсуурийг бөхийн оноолтод бүртгээгүйгээс үл ойлголцол үүссэн юм. МҮБХ-ны зүгээс түүнд хандаж, “Барилдах эрхээ 11 сараар хасуулах хугацаанд ёс зүйн зөрчил гаргаагүй тул барилдуулж өгнө үү” гэх утгатай өргөдөл гаргаж өгөхийг хүсчээ.
Үүнд тулгуурлан Цэцдийн зөвлөл даян аварга Н.Батсуурийн барилдах эрхийг сэргээхийг хурлаараа шийдвэрлэн гаргах юм байна.
Н.Батсуурь аваргын зүгээс МҮБХ-нд өргөдөл гаргаж өгсөн бөгөөд түүний барилдах эрхийг энэ сарын 15-нд сэргээх бололтой. Гэхдээ барилдах эрхээ хасуулсан хугацаанд ёс зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд юм. Хэрэв шийдвэр ингэж гарвал тэр “Жем интернэшнл” группийн нэрэмжит, улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зодоглох боломжтой.
Гэхдээ Н.Батсуурь аваргын зүгээс тус барилдаанд барилдахгүй гэдгээ илэрхийлж, удахгүй болох Сар шинийн барилдаанд зодоглох хүсэлтэйгээ уламжлав. Допинг хэрэглэсэн бөх гэмээ ухамсарласан тохиолдолд барилдах эрхийг хугацаанаас өмнө сэргээж болно. Гагцхүү энэ эрхийг МҮБХ эдэлнэ. Тухайлбал, улсын харцага Г.Алтангэрэл, начин Ч.Цогтбаяр нарыг допинг хэрэглэсэнээ хүлээн зөвшөөрч, барилдах эрхийг хассан хугацаанд элдэв зөрчил гаргаагүй, уучлал хүссэн тул барилдах эрхийг нь хугацаанаас өмнө сэргээж байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (12)