Азербайжан улсын эмэгтэй чөлөөт бөхийн ноён оргил, алдарт Мария Стадник UWW-д өгсөн ярилцлагадаа 2024 онд Парист болох зуны олимпийн наадамд оролцох бодолтой байгаагаа мэдэгдэж зодог тайлсан тухай цуурхалд цэг тавилаа. Хоёр хүүхдийн ээж 33 настай тэрбээр “Надад тулалдах хүсэл байгаа л бол бүх хүч чадлаа биелүүлэх ёстой. Би Токиогоос буцаж ирсэн даруйдаа тамирчны замналаа үргэлжлүүлэхээр шийдсэн.
Миний гэр бүл, найз нөхөд маань ч надад итгэдэг. Хүү маань намайг хүчтэй гэж хэлдэг. Үргэлжлүүлэн барилдаасай гэж хүсч байгаа" гэжээ. Украинаас гаралтай Стадник 2008 оноос олон улсын түвшинд барилдаж эхэлснээс хойш ердөө 10-хан удаа ялагджээ. Түүний медалийн цуглуулгад олимпийн хоёр мөнгө, хоёр хүрэл, ДАШТ-ий хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль медалиас гадна Европ тивийн 10 (Европын наадмын хоёр түрүүг оролцуулаад) алтан медаль бий. Эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр Японы домогт аваргууд болох Каори Ичо, Саори Ёшида нар л олимпийн наадмаас дөрвөн удаа медаль хүртсэн байдаг.
Хэрэв Стадник хоёр жилийн дараа Парист медаль хүртвэл олимпийн наадмаас таван медаль хүртсэн чөлөөт бөхийн төрлөөр анхны хүн болж түүхэнд нэрээ үлдээнэ. Түүний хувьд Парисын олимпод 35 нас, найман сартай байх бөгөөд өөрийгөө хэт их ядраахгүйн тулд ачааллаа багасгаж өмнөх шигээ олон тэмцээнд оролцох бодолгүй байгаа гэнэ. Хэдийгээр энэ жил ямар тэмцээнд оролцохоо мэдэгдээгүй ч шинэ олимпийн циклийн анхны тэмцээн нь гуравдугаар сард Будапештэд болох ЕАШТ байх магадлал өндөр юм.
Б.Жаргал