Коронавирусын тархалтын үеэр дэлхий нийтээрээ гадаад улс руу аялал хийх боломжгүй сүүлийн хоёр жилийг үдсэн. Харин сүүлийн үед хүмүүс хуучин амьдралын хэмнэлдээ буцан суурьшиж улсууд хилээ нээж эхэлснээр аялагчдын тоо огцом өссөөр байна. Манай улсын иргэдийн хувьд ч мөн адил энэхүү жишгийн дагуу амралтаараа гадны орныг зорих нь ихсэх хандлагатай байна. Тиймээс өөр улс руу аялал зохион байгуулахад хамгийн чухал зүйлсийн нэг болох гадаад паспортны тухай товчхон мэдээлэл хүргэе.
Монгол улсын паспортны хувьд дэлхийн 63 улс руу ямар нэгэн визний шаардлагагүйгээр нэвтрэх боломжтой бөгөөд үлдэж буй 135 орон руу зорчихын тулд визэнд мэдүүлгээ өгч тодорхой үе шатуудыг давснаар нэвтрэх боломж бүрддэг байна. Энэхүү үзүүлэлт нь дэлхийн нийт улсын 32% руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүлж байгаагаас гадна 111 орны паспортоос 66-р байранд бичигдэх амжилт юм.
Харин дэлхийн хамгийн хүчтэй пасспорттой орнуудыг жагсаахад Япон болон Сингапур улсуудынх 192 орон руу шууд зорчих боломжийг иргэддээ өгдөг гэх үзүүлэлтээр тэргүүлдэг бол Герман, Өмнөд Солонгос тус тус 190 орон руу, Финланд, Итали Испани, Люксенбург гэх Европын холбооны улсууд 189 улс руу, Австри, Дани, Франц Швед, Нидерланд тус бүр 188 орон руу визний шаардлагагүй нэвтрэх эрхтэйгээр жагсаалтыг тэргүүлдэг.
Эсэргээрээ хамгийн бага боломжийг иргэддээ олгодог паспортуудыг жагсаахад Афганистан 26, Ирак 28, Сири 29, Пакистан 31 гэх дараалалтайгаар бичигджээ.
П.Тамир