Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн “Тэнүүн-Өлзий” багийн тоглогч, сагсан бөмбөгийн 3х3-ын U23 насны шигшээ багийн тамирчин Батзоригийн Сүхбаттай ярилцлаа.
-Таныг сагсан бөмбөгийн спорт руу ороход хэн нөлөөлсөн бэ?
-Миний хоёр эгч хоёул сагсан бөмбөг тоглодог. Б.Гантуяа, Б.Баттуяа гээд хоёулаа улсын багт тоглож байсан юм. Тавдугаар ангид байхдаа энэ спортоор хичээллэж эхэлж, Ж.Түмэнжаргал багшийн удирдлага дор хоёр жил бэлтгэл хийсэн. Дараа нь Э.Оргил багш дээр хэсэг бэлтгэл хийж, 2016 онд Лхагва багшийн удирдллага дор насныхны шигшээ багт багтаж, Австри улсад болсон “United world games” нэртэй олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Унгарын багтай хүрэл медалийн төлөө тоглоод хожсон. Тун тэнцүү тоглолт болж билээ, цаг дуусах мөчид шидсэн шидэлт оновчтой болсон. Тэр тэмцээнд өдгөө 3х3 төрөлд тоглож буй Б.Алтангэрэл, Х.Мөнхтөр нарын шилдгүүдтэй мөр зэрэгцэн тоглож байлаа.
-Хүрэл медаль хүртэх замдаа ямар багийг буулган авсан бэ?
-Талбайн эзэн Австри болон Германы багийг хэсгийн тоглолтонд хожсон.
-Тэндээс ирээд ямар тэмцээнд оролцов?
-Ирээд дөнгөж нэг хоноод ОХУ-ын Сахад болсон Хүүхдийн спортын наадам руу явсан. Энэ тэмцээнд Оросын өнцөг булан бүрээс ирсэн хүчирхэг багуудтай тоглосон. Тэр тэмцээнд тоглосон хүүхдүүд улсынхаа шигшээ багт тоглож байгаа юм билээ.
-Сагсан бөмбөг рүү эргэлт буцалтгүй орох шийдвэрээ хэрхэн гаргаж байв?
-Дээр хэлсэнчлэн 2016 оны олон улсын хоёр тэмцээний амжилт илүү хичээх урам зориг өгсөн. Тэгж л амжилт үзүүлэх боломжтой гэдгээ олж харсан. Бэлтгэл сургуулилтаа улам сайн хийж эхэлсэн юм.
-Та Оюутны лигт ямар амжилт үзүүлж байсан бэ?
-ШУТИС-д дөрвөн жил сурахдаа Оюутны лигт тоглож үзээгүй. Харин Оюутны УАШТ-ээс алтан медаль хүртэж, 2018 оны Оюутны шигшээ багт дуудагдаж байлаа. Энэ шигшээ багт байхдаа Орост болсон тэмцээнд оролцох байсан боловч яваагүй. Одоо 3Х3 төрөлд U23 насныхны шигшээ багт тоглож байна.
-U23 насны шигшээ багийн тоглогч болж, дэлхийн чансааг тэргүүлсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа. Зун манай 3х3-ын шигшээ баг оролцож болох бүх тэмцээн уралдаанд оролцлоо. Египт улсад болсон тэмцээнээс нийлбэр дүн сайн авсан. Цар тахлын улмаас энэ тэмцээнд оролцох байсан ч харамсалтай нь олон баг өнжсөн.
-Цар тахлын үед чансаа цуглуулах олон тэмцээнд оролцоход амаргүй байсан уу?
-“Би биш, бид” гэдэг уриаг эрхэмлэсэн. Багийн спорт тул илүү ойлголцох ёстой, цар тахлын үед заал танхимд хаалттай байхад холбооноос зөв менежмент хийсний дүнд орцонд хүртэл гүйж бэлтгэлээ таслаагүй. Гадуур ч гарах эрхгүй хүнд цаг үе байлаа.
-Цар тахлын үед бэлтгэл сургуулилт холдож, мэдрэмж төсөөрсөн зүйл гарсан уу?
-Бага зэрэг төсөөрсөн ч эрчимтэй бэлтгэл хийгээд нөхөж чадсан.
-2021-2022 оны улирлын дээд лигт тоглох саналыг хэрхэн авсан бэ?
-Хэдэн жилийн өмнө “Тэнүүн-Өлзий” багт бэлтгэл сургуулилт хийдэг байхдаа “Спрайт”лиг болон өсвөрийн тэмцээн уралдаанд оролцдог байсан. 2017 оноос өдгөөг хүртэл “Тэнүүн-Өлзий” багт харьяалагдаж байна. Энэ жил хоёр талаас нэгдсэн лигээ зохион байгуулж байна, тоглох санал авсандаа баяртай байна. Есдүгээр сараас эхлэн дээд лигт тоглох бэлтгэлээ хийж байна.
-“Тэнүүн-Өлзий” багийн түүх гэвэл?
-“Тэнүүн-Өлзий” компанийн захирал Д.Буян-Өлзий ах 2015 оноос “Тэнүүн-Өлзий” багийн үндсэн заал, фитнес гэхчлэн том бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. Ямар ашгийн бус, залуус бидний сонирхлыг дэмжиж ирсэн. Сагсан бөмбөгийн спорт хөгжихөд их хувь нэмэр оруулж яваа хүн. Ийм сайхан заалтай болохоор тамирчин бид бусад зүйлд санаа зовохгүйгээр бэлтгэлээ сайтар хангаж байна. Д.Буян-Өлзий ах залуудаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байсан гэдэг. Ийм сэтгэл зүрхтэй хүн байж, спорт, тэр дундаа багийн спорт хөгжих үндэстэй.
-Дээд лигийн талбайд гарч тоглох хэр байна вэ?
-Дээд лигийн эхний тоглолтоо хийхэд баяртай байх хэрнээ, өөртөө нэг л итгэж өгөхгүй байсан. Хүүхэд байхын дээд лигт тоглохыг мөрөөддөг байлаа. Д.Дэлгэрням, Т.Санчир, Б.Билгүүн зэрэг шилдэг тоглогч нарыг харж өссөн. Энэ хүмүүсийн заримтай нь нэг багт тоглож, нөгөө хэсэгтэй нь талбай дээр өрсөлдөнө гэдэг их аз завшаан. Илүү хичээх хүч өгч байна. Дээд лигийн эхний тоглолтоо Баянхонгорын “Мазаалай” багийг хожсон. Дасгалжуулагч болон багийн туршлагатай тоглогч нарын зөвлөснөөр тоглосон. Манай баг хожиж, гараагаа сайн эхлүүлсэн.
-Лигийн талбайд анх гараад сандарсан уу?
-Гайгүй шүү. 3х3-т бэлтгэгдэж байгаа болохоор сэтгэл зүйн хувьд тайван байна.
-Танай багийн бусдаас ялгарах онцлог гэвэл?
-Бэлтгэл хийх өөрийн гэсэн заалтай. Зааландаа хүссэн цагтаа, хэдий хугацаагаар ч бэлтгэл хийх боломжтой юм. Энэ маш чухал. Бид долоо хоногт 3-4 удаагийн бэлтгэл хийж байна. Лиг эхлэхээс өмнө их ачаалалтай байсан болохоор ядрах нь гайгүй байна. Одоо бол шидэлт, онол, тактик тал дээр хөнгөвчилсөн бэлтгэл хийж байгаа. Орчин үеийн сагсан бөмбөг онол, тактик, багийн системчилсэн бэлтгэл зонхилдог болсон. Эсрэг багаа сайн судалж, бичлэг үзэж, дүгнэлт хийж байгаа.
-Сагсан бөмбөгийн хоёр тал нэгдэж, ямартаа лигээ зохион байгуулж байна. Олон улсын тэмцээн уралдаанд оролцох гарц нээгдэж байна. Энэ их чухал юм?
-Залуус бидэнд өөрсдийгөө нээж харуулах боломж гэж харж байгаа. Энэ жилийн лиг өмнөхөөс илүү өрсөлдөөнтэй болж байна. Мөн дасгалжуулагч маань надад голчилж тоглох боломж олгосон нь надад маш хариуцлага болсон. Энэ их үүрэг хариуцлагыг алдахгүйг хичээнэ ээ.
-2021-2022 оны улиралд “Тэнүүн-Өлзий” баг үзэгчдэд ямар амжилтаар бэлэг барих вэ?
-Бүх баг хожих бодолтой ирсэн нь лавтай. Манай баг ч яг ийм зорилготой байгаа. Дөрвөн тоглолт хийхэд миний хувьд 20 онооны дундажтай яваа. Чамгүй амжилт гэж харж байна. Гэсэн ч улам хичээнэ ээ. 3х3-т тоглож байсан болохоор ачаалал авч сурсан. Түүнчлэн өндөр темптэй, хүчний тоглолт хийж сурсан болохоор 5х5-д тоглоход надад давуу тал болж өгдөг.
-Таныг сагсан бөмбөгт оруулсан эгч нар тань ирж дэмжих үү?
-Манай гэр бүлийнхэн бүгд сагсан бөмбөгт дуртай. Миний тоглолтыг байнга ирж үзнэ. Тоглолтын дараа “чи ингэж тогло” гээд зөвлөнө. Энэ дашрамд өдийг хүртэл дэмжиж ирсэн аав, ээж хоёртоо баярлалаа. Төдийгөөс өдийг хүртэл зааж зөвлөсөн Оргил багш болон 3Х3-ын хамт олон, Д.Буян-Өлзий захиралтай “Тэнүүн-Өлзий” компани хамт олон, багийн нийт бүрэлдэхүүндээ баярлалаа гэдгээ хэлэхийг хүсэж байна.
-Өөр багаас тоглох санал ирсэн үү?
-4-5 багаас тоглох санал ирсэн. Гэхдээ би энэ багтаа хүүхэд байхаасаа тоглож ирсэн болохоор явах бодолгүй байгаа. “Дассан газрын даавуу зөөлөн” гэдэг байх аа. Би энэ багаас амар явахгүй. Манай багийн уур амьсгал их гоё. Алдаа, дутагдал байвал нүүр нь дээр нь шууд хэлчихэнэ. Бэлтгэл сургуулилт, чөлөөт цагийн үед ч халуун дулаан харьцаатай байдаг нь сайхан байдаг юм. Ах нар “дэгтэй газар дээшилдэг” гэж үргэлж захидаг. Нэг бэлтгэлд 2-3 цагийг зарцуулна. Бэлтгэлийн цагаас гадуур хувийн шидэлт гэхчлэн бага зэрэг бэлтгэх зүйл гарна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)