ГЕРМАНД 10-ААС ХЭТРЭХГҮЙ БОЛ ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ЦУГЛАХЫГ ЗӨВШӨӨРНӨ
Герман улсад Омикрон хувилбараас шалтгаалсан ковидын тав дахь давалгаанаас хамгаалах зорилгоор тус улсын Засгийн газраас шинэ журам гаргажээ. Энэ журмаар 10-аас хэтрэхгүй бол гэр бүлийн хүрээнд цуглахыг зөвшөөрч, шөнийн цэнгээний газруудыг хаасан байна. Хөлбөмбөгийн болон бусад тэмцээн уралдаан үзэгчгүй болох бөгөөд шинэ журмын ихэнх заалт нь вакцинд хамрагдаагүй иргэдэд чиглэжээ. Тус улс Их Британиас ирж буй хүмүүст 48 цагийн өмнө авсан шинжилгээний сөрөг хариуг шаардаж байгаа юм байна.
АНУ ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨДӨР 2500 НИСЛЭГЭЭ ЦУЦАЛЖЭЭ
Шинэ оны эхний өдөр дэлхий даяар 4400 орчим нислэг цуцлагдсаны 2500 гаруй нь АНУ-ын нислэг байжээ. Шалтгаан нь нисэх багийн гишүүд ковидын халдвар авч тусгаарлалтад орсон нь нөлөөлсөн байна. Иймээс тус улсын нисэх багийн хувьд хүний нөөцийн асуудал үүсэж болзошгүй байгаа аж.
ТУРК УЛСАД ШИНЭ ЖИЛИЙН БАЯР ӨРГӨН ТЭМДЭГЛЭСНИЙ БАЛГААР ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ОГЦОМ ӨСЧЭЭ
Турк улсад он солигдох өдөр коронавирусний 40.786 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн найман сарын хугацаанд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсын иргэд шинэ жилийн баяраа хязгаарлалтгүй өргөн тэмдэглэсэний “балаг” гэж эрдэмтэн судлаачид нь дүгнэжээ. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа хэлэхдээ “Хэдийгээр ямар ч хязгаарлалт байхгүй ч хязгаарлалт байгаа мэт ажиллаж, амьдралыг зөвлөж байна” гэжээ.
КАЗАХСТАНД QR КОД НЬ НОГООН ӨНГӨТЭЙ БОЛ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН, УЛААН БОЛ ЭЕРЭГ БАЙДЛЫГ ИЛТГЭНЭ
Казахстан улсад маргаашаас эхлэн ковид тусаад эдгэрсэн болон вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг худалдааны төв, караоке зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэх боломж бүрдэх юм байна. Ингэхдээ тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллийн сантай холбосон QR код уншуулж нэтрэх юм. Энэ систем өнгөөр ялгах чадвартай бөгөөд ногоо өнгөтэй нь саяхан эдгэрсэн, шинжилгээний хариу сөрөг, бүрэн тунд хамрагдсан, цэнхэр өнгөтэй нь тодорхойгүйг илтгэх бол шар нь халдвартай хүнтэй хавьтагч, улаан нь эерэг байдлыг илтгэх юм байна.
ШИ-АНЬ ХОТЫН ИРГЭД ХӨЛ ХОРИОНД 12 ХОНОГ БАЙСНААС ҮҮДЭЖ, ХООЛ ХҮНСНИЙ ХОМСДОЛД ОРЖЭЭ
Манай урд хөршид цар тахлын дэгдэлт өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хамгийн дээд төвшинд хүрлээ. Тэд нэг сарын дараа өвлийн олимпын наадмыг эх орондоо хүлээн авах юм. Гэвч тус улсын Ши-Ань хотын хувь нөхцөл байдал сайнгүй байна. Энэ хотын 13 сая оршин суугч гэрийн дэглэмд 12 хоногийн турш хүнсний хомсдолд орж, иргэдийн ширүүн тэмцэлтэй нүүр тулахад ойрхон байна гэв. Орон нутгийн удирдлагууд нь хоол хүнсний нөөц хангалттай байгаа тул хүнс цуглуулах шаардлагагүй гэж уриалсан нь байдлыг улам дордуулжээ.
Б.Жаргал