Өнөөдөр нэгдүгээр сарын 4. Яг нэг сарын дараа өвлийн олимпын наадам манай урд хөршийн нийслэл Бээжин хотод эхэлнэ. БНХАУ олимпын наадмыг хоёр дахь удаагаа зохион байгуулахаар болсон ба өвлийн олимпыг анх удаа хүлээн авна. Энэ олимпод манай улсаас хоёр цаначин уралдах боломжтой болжээ. Тухайлбал, гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 10 км-т А.Энхтуул нарын чансаа олимпын босго оноонд дүүрэн хүрчээ. Тэд өдгөө шигшээ багийн дасгалжуулагч Б.Энх-Амгалангийн удирдлага дор бусад зайд нэмж эрх авахаар Швейцарь улсад олон улсын тэмцээнд өрсөлдөж байна. Олон улсын цанын холбооноос сүүлчийн чансааг энэ сарын 16-нд гаргах бөгөөд энэ үеэр олимпын цасан замд шандас сорих цаначид албан ёсоор тодрох юм. Чансаа зарлахаас өмнө олимпын эрхийн ганц тэмцээн байгаа гэв. Энэ тэмцээнээс үл хамааран манай хоёр цаначин олимпын наадамд уралдах нь гарцаагүй болсон юм байна. Б.Ачбадрахын хувьд “Пёнчан-2018” өвлийн олимпын наадамд тоосоо өргөсөн туршлагатай бөгөөд Монголын багийн тугчаар ажиллаж байв. Монголын цаначид олимпын эрх авахаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн эх орондоо бэлтгэл сургуулилтаа хангасан бол наймдугаар сарын 1-нээс Швейцарь улсад бэлтгэлээ хангаж байна. Нэмж хэлэхэд 1964 онд Австрийн Инсбрукийн өвлийн олимпын наадамд оролцсоноор Монголын олимпын түүх эхэлсэн гэдэг. Тэрхүү олимпын наадмын Монголын багийн тугийг цаначин Л.Цэнд залж орсон юм.
Монголчууд өвлийн олимпын наадамд:
“Инсбрук-1964”
Гүйлтийн цана: Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй, Ж.Жавзандулам
Биатлон: Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан
Гүйлтийн цана: Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав
“Гренобль-1968”
Гүйлтийн цана: Л.Дашдэмбэрэл, Г.Батмөнх
Биатлон: Б.Дамдинжав, Б.Дашгай
Тэшүүр: Л.Цэнд, Л.Дашгай, Б.Жалбаа
“Саппоро-1972”
Гүйлтийн цана: Л.Дорж
Тэшүүр: Д.Цэнддоо, Т.Нямдаваа
“Сараева-1984”
Гүйлтийн цана: Л.Дорж, П.Батсүх, П.Ганхуяг, Ю.Рэнцэнхорол
“Калгари-1988”
Гүйлтийн цана: Д.Энхээ, З.Ганбат, Д.Баттулга
“Альбервиль-1992”
Гүйлтийн цана: Г.Мерей, З.Ганбат
Тэшүүр: А.Содномдаржаа, Н.Ганболд
“Лиллехаммер-1994”
Шорт-трейк: Б.Бат-Оргил
“Нагано-1998”
Гүйлтийн цана: Д.Очирсүх,
Шорт-трейк: Б.Октябрь, Б.Сансарбилэг
“Солт-Лейк-2002”
Гүйлтийн цана: Ж.Эрдэнэтүлхүүр, Д.Энхээ
Шорт-трейк: Б.Октябрь, Г.Жаргаланчулуун
“Турин-2006”
Гүйлтийн цана: Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн
“Ванкувер-2010”
Гүйлтийн цана: Х.Хаш-Эрдэнэ, Э.Очирсүрэн
“Сочи-2014”
Гүйлтийн цана: Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг
“Пёнчан-2018”
Гүйлтийн цана: Б.Ачбадрах
Б.Жаргал