Турк улсын нийслэл Станбул хотод болсон пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хоёр төрөлд найман алтан медаль хүртсэн С.Энхбаттай ярилцлаа.
-2021 оны олон улсын отгон тэмцээнд бахдам амжилт байгуулсан танд халуун баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ тэмцээн цар тахлын үед болж байгаа хэдий ч урьдын адил олон орны тамирчин оролцлоо. Өндөр амжилт байгуулсандаа сэтгэл хангалуун байна.
-Нэг удаагийн тэмцээнээс найман алтан медаль авна гэдэг бахархмаар амжилт. Танд дахин баяр хүргэе?
-Үзүүлсэн амжилтандаа сэтгэл хангалуун байна. Тэмцээн зохион байгуулалтын хувьд урьдынхаас өөр нь үзэгчгүй, нам гүм орчинд боллоо. Турк улсад ариутгал халдваргүйжуулалт хийгээд тэмцээн уралдаанаа зохион байгуулж байна. Ер нь тэнд амьдрал хэвийн өрнөж байна.
-Та энэ тэмцээнд хэзээнээс бэлтгэсэн бэ?
-Монголд байхдаа Equipped буюу хэрэглэлтэй, clasic буюу хэрэглэлгүй төрөлд орох бэлтгэл сургуулилтаа “Тайхар” клубт гурван сар орчим эрчимтэй хийсэн.
-Бэлтгэлээ сайн тааруулж очжээ?
-Миний бэлтгэлийг ОУХМ Энхжаргал багш маань тааруулсан. Ер нь байнгын бэлтгэлтэй байдаг юм.
-Тэмцээний хоёр төрөлд өрсөлдөхдөө хэд хоногийн зайтай орсон бэ?
-Арванхоёрдугаар сарын 25-нд эхэлж оролцоод хоёр хоногийн дараа сүүлчийн төрөлдөө өрсөлдсөн. Тивийнхээ тэмцээнээс найман алтан медаль хүртэж, төрийн дуулалаа хоёронтоо эгшиглүүлсэндээ баяртай байна. Өмнөх амжилтаа бататгаж, хэрэглэлтэй төрөлд шилдэг тамирчин болсон нь онцлог юм.
-Пауэрлифтингийн спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?
-2008 онд энэ спортоор анх хичээллэж, 2011 оноос улсын аварга шалгаруулах тэмцээнд анх хүч үзэж эхэлсэн. Ах маань энэ спортоор хичээллэх санал тавьсан юм. Тэр нь ч оносон. Ах маань пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд ажиллаж байгаа.
-Хоёр хоногийн зайтай хоёр төрөлд оролцохдоо хэдэн кг-ын ачаалал авсан бэ?
-Тэмцээнд өргөсөн нийт жин гэвэл нэг тонн 115 кг-ын ачаалал авлаа. Бие халаалтанд өргөсөн жинг оруулбал арай өөр дүн гарна.
-Хэр ядарч байна?
-Багшийн зөвлөсөн ёсоор бэлтгэлийн ачааллаа тохируулсан болохоор ядрах нь бага байлаа.
-10 жилийн хугацаанд таны үзүүлсэн тив, дэлхийн амжилт гэвэл?
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 21 алтан медаль, ДАШТ-ээс найман мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ.
Б.Жаргал