Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, жүдо, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер Эрдэнэбилэгийн Энхбат тэнгэрт дэвшиж, Монголын спортод хүнд гарз тохиосон юм. Өнөөдөр Спортын төв ордны А зааланд түүний гэр бүл, найз нөхөд, спортын хамтран зүтгэгчид манлай начинтайгаа салах ёс гүйцэтгэлээ. Тэрээр Булган аймгийн Могод суманд 1984 онд төрсөн, хулгана жилтэй бөгөөд бага балчир наснаас бөхийн спортыг сонирхон хичээллэж, 2005 онд төрөлх Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн нь түүний амжилтын гараа байжээ.
Улмаар 2009 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч “Улсын начин” цол хүртсэн бөгөөд үүнээс хойш 2012, 2013, 2019 оны баяр наадмуудад дахин гурван удаа, нийт дөрвөн удаа төрийн их баяр наадамдаа шөвгөрсөн өсөх идэр, өрнөн дэлгэрэх, улам нэмэх чимэгтэй манлай начин, алдартай бөх байлаа. Талийгаачийн гэгээн дүр төрх, даруу төлөв зан чанар, Монгол бөхийн түүхэнд үзүүлсэн гарамгай амжилт бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.