Улс орон бүр спортын талбар дахь амжилтаараа дэлхий даяар өөрсдийгөө танин мэдүүлж сурталчилдаг билээ. Төрийн далбаа нь тэнгэрт дүүлж, төрийн дуулал нь эгшиглэдэг агшин бүрт тэрхүү улсын иргэн хэн хүнгүй омогшин баярын доголон нулимс унагадаг. Ийм явдал Монголд маань 2008 онд тохиосныг бараг хүн бүр мэдэж буй. Тэгвэл өнөө жил Монголын спортын салбарт ямар тэмдэглүүштэй зүйл болсныг илтгэх таван үйл явдлыг эргэн сануулъя.
13 ЖИЛ ТАСАРСАН АЛТАН МЕДАЛЬ БИДЭНД ИРЛЭЭ
Наран улсын тэнгэрт Монголын төрийн далбаа намирч, төрийн дуулал эгшиглүүлсэн онцгой гавьяатан бол Энхбаярын Содномпилжээ. Түүний үзүүлсэн амжилт онц содон бөгөөд “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль авсан цор ганц монгол тамирчин юм. Баярлахын дээдээр баярласан, бас бахархсан. Ингэхдээ монголоос олимп, паралимпын тавцанд хэний ч үзүүлээгүй дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Хосгүй амжилт гэлтэй. Э.Содномпилжээг аварга болсоны дараа монгол зон олон магнайгаа хагартал баярлаж, хүндэтгэхийн дээдээр хүндлэв. Аргагүй юм. Тэр Монголын тамирчдын 13 жилийн өмнө олимп, паралимпын наадмаас авч байсан алтан медалийг эх орондоо авчирсан хүндтэй нэгэн. Хүн төрлөхтөний цэнгэлийн дээд паралимпын наадмын алтан медалийн цор ганц түүчээлэгч болсон билээ.
ӨВЛИЙН СПОРТ МОНГОЛД ХӨГЖИХ ТҮҮХЭН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Монголын спортын түүхэнд мөрөөдөл биелэх мөсөн ордон баригдлаа. Өвлийн жавар тачигнасан энэ өдрүүдэд “Степп арена” ордонд хоккейчдын маань уран гоёмсог тоглолт өрнөж байна. Юу гэхээр өвлийн спорт төдийлөн сайн хөгжөөгүй манай улсад битүү дээвэртэй ордон баригдсан нь спортын салбарт үлгэр жишээ түүх болж болсон нь энэ. Тэрхүү бүтээн байгуулалтыг төр бус хувийн хэвшил гүйцэтгэсэн нь онцлууштай зүйл. Эх орондоо өвлийн спортын бэлтгэл сургуулилт хийхэд шаардлагатай зүйлсийг энэхүү “Степп” арена орлоно. Гоё байгаа биз. Яг энэ цаг мөчөөс эхлэн манай “шоовдорлогдсон өвлийн спорт”-ынхон өөрийн гэсэн ордонтой болж, хэний ч гар харахгүй бэлтгэл сургуулилтаа хийх юм. Тус ордны буянаар манай хоккей, шорт трейк, уран гулгалт, кёрлинг зэрэг спортын төрлүүд хөгжих түүхэн алхам боллоо.
АНХДАГЧ АВАРГА
Хүндийн өргөлтийн манлай тамирчин М.Анхцэцэгийг спорт сонирхогчид маань андахгүй. Тэр өнгөрсөн зуны олимпын наадамд шагналт байрт жагсаж, Монголын хүндийн өргөлтийн спортын хөгжилд зохих үүргээ гүйцэтгэснийг хэн ч үгүйсгэхгүй болов уу. М.Анхцэцэг шинэ оны босгон дээр Узбекистаны нийслэл Ташкент хотод болсон ДАШТ-ээс алтан медаль хүртэж, монгол бүсгүйн хүч чадал, тэсвэр тэвчээрийг өөрөөрөө үлгэрлэн харууллаа. М.Анхцэцэгийн үзүүлсэн энэ түүхэн амжилтын гараа хүндийн өргөлтийн спортыг “Монголын топ спорт”-ын төвшинд хүргэсэн гэвэл дэгсдүүлсэн хэрэг биш болов уу. Түүний амжилтын зам, алтан медалийн цуурай манай мянга мянган хүүхэд, залууст үлгэр дууриалал болж очсон нь лавтай.
САЙЕД МОЛЛАЙН АМЖИЛТЫН ЦААНА...
Иран улсад нүд үзүүрлэгдэн Монголын далбаан дор олимпын татамид од болон гялалзсан эрхэм хүн бол Сайед Моллай. Түүнийг монгол түмэн сайхан сэтгэлээр угтаж, тэр ч биднийг итгэлийг алдаагүй юм. Тэр хүн төрлөхтөний их наадамд эрэмгий, хурц дайчин барилдаж, бөхөд хайртай монголчуудыг ханатал баярлуулсан, урмыг сэргээсэн. Зоригтой, зорилготой хүн дахин амьдарч чаддагийг тэр дэлхийд нотолж, олон хүнд ихийг ухаарууллаа. Түүний амжилтын цаана монголчууд дэлхийн тавцанд хүний эрхийн ямар мэдрэмжтэй ард түмэн болохоо харуулсан онцгой үйл явдал болсон юм. Саейд Моллайн амжилтыг манай иргэд юугаар ч дутахгүй үнэлж, хүний сэтгэл ямар агуу байдгийг дэлхийн олон үндэстэнд дуудаж чадсан билээ.
ДЭЛХИЙД ТАВ ТҮРҮҮЛСЭН “ДАРХАН АВАРГА”
Пара таеквондоч Г.Болор-Эрдэнэ Монголын спортын 2021 оны отгон дэлхийн аварга болов. Туркийн нийслэл Станбул хотод болсон пара таеквондогийн ДАШТ-ээс Ганболдын Болор-Эрдэнэ алтан медальт хүртсэнээр мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлгэр дууриалал болж, тэдэнд өөртөө итгэх итгэл өгч чадлаа. Түүний үзүүлсэн энэхүү хосгүй амжилтыг үзүүлсэн тамирчин монголд ховор. Монголчууд түүний амжилтыг шагшин магтав. Г.Болор-Эрдэнэ дэлхийн дэвжээнд тав түрүүлсэн “дархан аварга” бөгөөд ази тивдээ тав түрүүлсэн амжилтаас нь түүнийг хэр чансаатай тамирчин болохыг харж болно. Сүүлийн жилүүдэд дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг тамирчин юм. Г.Болор-Эрдэнэ өнгөрсөн намар болсон “Токио-2020” паралимпын наадамд аз дутсан болохоос биш гарцаагүй медаль хүртэх тамирчны таамагт бичигддэг билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (7)