Монголын таеквондогийн холбоо эх орондоо Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх авлаа. Тус тэмцээн ирэх оны наймдугаар сарын 13-18-нд болох юм. Ингэхдээ 11 дэх удаагийн залуучуудын (тулаан, пүмсэ төрөл), дөрөв дэх удаагийн өсвөр (тулаан, пүмсэ төрөл), долоо дахь удаагийн пара төрлийн тэмцээн болно. Манай улс таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулах гэж буй нь энэ. Тус тэмцээнийг залгаж, “Монголиа опен II” олон улсын тэмцээн наймдугаар сарын 20-22-нд болно хэмээн Монголын таеквондогийн холбооноос мэдээллээ.
Б.Жаргал