Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн улс, аймгийн цолтой шилдэг бөхчүүдийн уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр тэргүүтэй 128 бөх зодоглолоо. Энэ барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзнээр дахин тодорлоо. Тэрбээр тус барилдаанд хоёр дахиа түрүүлснээр Ерөнхийлөгчийн цомыг үүрд хадгалах эрхтэй болж байна. Б.Бат-Өлзий Ерөнхийлөгчийн цомд хоёр түрүүлсэн гурав дахь бөх болов. Өмнө нь аварга С.Мөнхбат (2011, 2014), заан Б.Пүрэвсайхан (2013, 2015) онд түрүүлсэн бол энэ жилийн түрүү бөх Б.Бат-Өлзий 2019 онд түрүүлж байлаа.
Б.Жаргал