Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Алдар" спорт хорооны зарим тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тодруулбал, Тайланд Улсад зохион байгуулагдсан “Олон өдрийн дугуйн уралдаан”-д амжилттай оролцож тэргүүн байрт шалгаран “Шар цамц”-ны эзнээр тодорсон С.Жамбалжамц, Турк Улсад зохион байгуулагдсан Олон улсын паратаеквондогийн ДАШТ-ий алтан медалийн эзэн Г.Болор-Эрдэнэ болон тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Х.Энхтуяа нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрээр амжилт гаргасан тамирчдад баяр хүргэж хэлсэн үгэндээ, цаашид олимп, тив, дэлхийн чанартай спортын наадмуудад улам амжилттай оролцож, салбарынхаа нэр хүндийг өндөрт өргөж явахын ерөөлийг дэвшүүлэв.
Энэ үеэр “Алдар” спорт хорооны тамирчин С.Жамбалжамц “Тус тэмцээнд 20 орны 15 багийн элит ангиллын 85 тамирчин хурд, хүчээ сорин уралдсан. Тэмцээнд тэргүүн байрыг эзэлсэндээ маш их баяртай байна. Ард минь түшиж тулж байсан бүх хүнд баярлаж талархсанаа илэрхийлье. Монгол, Тайланд хоёр улсын цаг агаарын хувьд нэлээд зөрүүтэй байсан ч бэлтгэлээ маш сайн базааж чадсаны үр дүнд амжилт гаргаж эх орондоо анх удаа анхны мэргэжлийн тэмцээний аваргын “Шар цамц”-ыг авчирлаа” гэв. Түүнчлэн Г.Болор-Эрдэнэ “Би таеквондогийн спортоор 12 дахь жилдээ хичээллэж байна. Энэ удаагийн ДАШТ-ий тэргүүн байрыг эзэлснээр дэлхийн таван удаагийн аварга болж байна.
Өнгөрсөн олимпын наадмаас алтан медаль хүртэх зорилгыг тээсэн ч үүргээ хараахан гүйцэтгэж чадсангүй. Гэхдээ сая зохиогдсон тэмцээнд олимпын аваргыг ялж аваргалсандаа туйлын их урамшиж байгаа. Намайг үргэлж тусалж дэмждэг “Алдар” спорт хорооны нийт алба хаагчдадаа талархаж буйгаа илэрхийлье. Мөн ирэх олимпын наадамд амжилт гаргахын төлөө хичээнгүйлэн зүтгэх болно” гэсэн юм. Тэгвэл Х.Энхтуяа “Миний хувьд энэ тэмцээнээс 2017 онд алт, 2019 онд мөнгөн медалийг хүртэж байсан бол энэ онд хүрэл медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд медалийн байр эзэлснээр ирэх “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхийн оноогоо нэмэгдүүлж чадлаа. Цаашид батлан хамгаалах салбар, “Алдар” спорт хорооныхоо нэр хүндийг илүү өндөрт өргөхийн төлөө хичээх болно” гэж онцолсон юм.