Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн улс, аймгийн цолтой шилдэг 128 бөхийн барилдаан нөгөөдөр (12.29-нд) 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Тус барилдаан 2011 оноос эхлэлтэй бөгөөд анхны барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, арслан Ц.Содномдорж үзүүрлэж байв.
Үүнээс хойш 2012 онд улсын заан М.Өсөхбаяр, 2013 онд заан Б.Пүрэвсайхан, 2014 С.Мөнхбат, 2015 онд Б.Пүрэвсайхан, 2016 онд арслан Р.Пүрэвдагва, 2017 онд харцага Т.Баасанхүү, 2018 онд харцага О.Хангай, 2019 онд харцага Б.Бат-Өлзий нар түрүүлж байжээ. Тус барилдаанд хамгийн олон түрүүлсэн бөх нь аварга С.Мөнхбат, заан Б.Пүрэвсайхан нар тус бүр хоёр түрүүлсэн. Ч.Санжаадамба хоёр үзүүрлэжээ. Өнгөрсөн жил цар тахлын улмаас өнжсөн. 2021 оны отгон барилдаан бөгөөд жилийн хамгийн сайн амжилттай яваа бөхчүүд зодоглох юм. Ерөнхийлөгчийн цомын барилдаанд улсын гарьд, начин, аймгийн цолтой бөхчүүд түрүүлж байгаагүй билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)