Монголын хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй шүүгчдийн тоог нэмэгдүүлэх хүрээнд 21 аймагт шүүгчийн сургалт явуулж, “Үндэсний цом” болон бусад орон нутгийн тэмцээнүүд дээр ажиллуулахаар зорилт тавин ажиллажээ. Энэ ажлын эхлэл болгож, Дархан-Уул аймагт найман аймгийн төлөөллүүдийг хамруулсан анхан шатны шүүгчийн сургалт зохион байгуулсан байна. Сургалтад Говьсүмбэр, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл, Булган, Төв, Дархан-Уул аймгуудаас нийт 18 оролцогч хамрагдлаа. Түүнчлэн МХБХ-ны Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр болон МХБХ-ны шүүгчийн сургагч багш болох Э.Галбадрах, Ч.Жавхлантөгс нар оролцсон байна. Мөн МХБХ-ны Гишүүн Байгууллагуудын Менежментийн хэлтсийн дарга О.Аззаяа томилогдон ажиллав.