Коронавирусний Омикрон вирус өргөн тархаж байна. Европын улс орнуудад цар тахлын нөхцөл байдал ямар байгааг хүргэе. Их британид хоёр хоногийн өмнө коронавирусний халдварын 88.195 шинэ тохиолдол бүртгэгдэж, өчигдөр 93.045 болж нэмэгдлээ. Тус улсад байдал тун хүнд байна. Омикрон хувилбараар өвчилсөн нийт хүний тоо 10.000-д хүрсэн нь байдлыг улам дордуулж байна. Франц улс тус улсаас бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирэх хүмүүст хилийн хориг тавьжээ. Ингээд зогсохгүй Францын Ерөнхий сайдын зүгээс он солигдох орой салют буудуулах, концерт тоглохыг хориглосон байна. Тус улсад өнгөрсөн хоногт 58.128 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, 168 хүн нас баржээ. Сүүлд гарсан мэдээллээр Европт коронавирус гарснаас хойш нийт 89 сая орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, 1.5 сая хүн нас баржээ. Харин Израильчууд иргэдээ АНЭУ, Ирланд, Франц, Испани, Финланд, Швед рүү зорчихыг хориглолоо. Мөн АНУ, Итали, Белги, Унгар, Морокко, Португаль, Канад зэрэг Омикрон өргөн тархсан дээрх улс руу зорчуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Ирэх оны нэгдүгээр сард болох байсан Давосын эдийн засгийн чуулган хойшилсон байна.
Б.Жаргал