Монголын сагсан бөмбөгийн дээд лиг эхлэх дөхсөнтэй холбогдуулан “Этүгэн ирвэсүүд” багийн дасгалжуулагч О.Баярцогт тайлбар хийлээ. Тэрбээр “А.Сүхбатыг багийнхаа гарааны тавд тоглуулахаар төлөвлөж байсан. Гэвч энэ сарын 17-ны өдөр өөр багт тоглохоо месежээр бичиж мэдэгдсэн. Хувь хүн хаана, хэнтэй тоглох нь эрхийн асуудал боловч манай клубтэй гэрээ байгуулсан юм. Энэ лигт хамт тоглоно гэж бодож байлаа. Уг нь тэр гэрээгээ албан ёсоор цуцлаад явж болох л байсан. Энэ асуудлаа шийдэхийг нь хүлээж байлаа. А.Сүхбатын ирээдүй, ар гэр, амьдралыг нь бодоод ирж уулзах хүсэлт гаргаж, өчигдөр уулзлаа. А.Сүхбат клубынхээ төлбөр тооцоог дуусгаж, “Танан гарьд” болон бусад багт тоглох эрх нь нээлттэй боллоо. Багууд цаашид тамирчин урвуулан авахдаа нөгөө багийнхаа эрх ашгийг хүндэтгэх хэрэгтэй шиг санагдаж байна. Гэрээг нь албан ёсоор цуцалсны дараа, тухайн клубтэй нь албан ёсоор харилцан тохиролцсоны үндсэн дээр тамирчдыг авч байвал сайн байна. Ер нь манай улсад дасгалжуулагчийн хөдөлмөрийг үнэлэх үнэлгээ тун хэцүү байгаа. Тамирчныг зохих төвшинд бэлтгэж байтал тэмцээн эхлэхээс өмнө энэ мэт асуудал үүсэж байгаад харамсаж байна. Энэ асуудал дахин битгий давтагдаасай. А.Сүхбат маань энэ өдрөөс эхлэн “Танан гарьд” багтаа тоглоно байх аа. А.Сүхбатдаа амжилт хүсье.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)