Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн ээлжит бус хурал өчигдөр болж, МҮОХ-ны Чуулганыг ирэх оны гуравдугаар сарын 28-нд явуулахаар тогтлоо. Энэхүү чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох юм. Манайхан олимпын хорооны тэргүүнээ сонгож чадахгүй байсаар өвлийн олимптой золгох нь гарцаагүй болсон. Мөн зуны олимпын наадмыг мөн ийм байдалтай угтаж, бас үдсэн. МҮОХ-ны ерөнхийлөгч нь баг тамирчдынхаа эрх ашгийг хамгаалдаг гол хүн юм.
Гэтэл улсаа төлөөлөх олимпын хорооны албан ёсны ерөнхийлөгчгүй хоёр дахь олимптойгоо золгох нь. Эргэн сануулахад МҮОХ-ны өмнөх ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ёс зүйн зөрчил гаргаж, өөрийн саналаар ажлаа өгсөн. Иймд дараагийн ерөнхийлөгчийг сонгохоор шийдвэр гаргасан юм. Саяхан МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд таван хүн нэр дэвшсэн. Гэвч тэдний хоёр нь МҮОХ-ны Хараат бус сонгуулийн комиссын гишүүдтэй хамааралтай болох нь тогтоогдож, арга буюу уг сонгуулийг хойшлуулах болсон юм. Тухайн комисст Эрх зүйч, эдийн засагч О.Одбаяр, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Ж.Энхчулуу, Монголын хуульчдын холбооны өмгөөлөгч Б.Батзаяа нар багтаж байв. Тэд нэр дэвшигч Б.Баттүшиг, Х.Баттулга нартай хамаарал бүхий хүмүүс байсан гэдэг.
Гомдол гаргасан хүн нь нэр дэвшигч Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг гэдэг. Сонгуулийг хойшлуулсан гол шалтгаан энэ. Тэгвэл өчигдөр болсон гишүүдийн хурлаар Хараат бус сонгуулийн комисст шинээр ажиллах гурван хүнийг сонгосон бөгөөд Монголын олон улсын арбитрийн холбооны ерөнхийлөгч Г.Батзаяа, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн захирал Г.Энхсайхан, хуульч Г.Сэргэлэнбат нар ажиллах юм байна. Тэднийг ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэн юм байна. Түүнчлэн МҮОХ-ны гишүүн зургаан спорт холбооны найман гишүүнийг сольжээ.
Монголын дугуйн холбооноос У.Мэргэнбаяр, З.Наран нарын оронд П.Ганхүү, С.Отгонбатыг, Монголын шатрын холбооноос Я.Санжмятавын оронд Э.Гурванбаатарыг, Монголын үндэсний бөхийн холбооноос Д.Данзангийн оронд Ц.Магалжав нарыг томилсон байна.
Мөн Монголын боксын холбооноос Т.Мөнхбаяр, Г.Бадрах нарын оронд Х.Нямбаатар, Ц.Бат-Энх, Монголын уулчдын үндэсний холбооноос Ж.Баянцагааны оронд Б.Золжаргал, Монголын спорт барилга байгууламжийн холбооноос Х.Нямбаатарын оронд Б.Атарбаярыг сонгож, томилсон байна.
Тэд МҮОХ-ны гишүүн байгууллагын шинэ гишүүн болж, ирэх онд болох тус хорооны ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрх нь бүрдэж байна.
Б.Жаргал