Хууль зүйн сайд Х.Нямбаатар тэргүүтэй Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн амралтын өдөр Хууль зүйн яамны хурлын танхимд болсон байна. Энэ хурлаар шийдвэрлэсэн гол асуудал нь МБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргыг томилох. Урьдчилан бэлтгэж, тохирсны үндсэн дээр Э.Сайнбилэг үүрэгт ажлаа өгсөн ба түүний оронд Ц.Батнасанг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ.
Гэхдээ санал хураалт явуулахад гурван гишүүн эсэргүйцсэн байх юм. Тэр нь гавьяат дасгалжуулагч Г.Батбилэг, гавьяат тамирчин Н.Баярсайхан, Н.Алтанхуяг. Тус холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энхээс бусад нь хуралд энэ оролцсон аж. Харин шинээр томилогдсон Ц.Батнасан нь Монголын боксын холбоог олон жил удирдаж явсан нэгэн бөгөөд “Токио-2020” зуны олимпын наадмын өмнө ажлаа өгсөн удаатай. Тэр үед хариуцлагаас зугтсан гэж олон хүн түүнийг дүгнэж байлаа. Харин түүнд тамгаа шилжүүлсэн Э.Сайнбилэгийг шигшээ багийн дасгалжуулагчаар томилох тохироо хийсэн байх магадлалтай гэж ярьж байна. Эргэн сануулахад Э.Сайнбилэг нь ердөө гурван сарын өмнө тус албанд томилогдож байсан билээ.
Мөн боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүнийг 19 байсныг 20 болгож, шинээр Б.Болдбатыг томилсон байна. Тэрбээр Хууль зүйн сайд, МБХ-ны ерөнхийлөгч Х.Нямбаатарын багын найз ба түүнийг шүүгчдийн зөвлөлийн даргын албанд дэвшүүлжээ. Түүнчлэн Монголын боксын холбоог 700 гаруй сая төгрөгийн өртэй орхиж явсан өмнөх ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн холбооны санхүүгийн тайланг дараагийн хурлаар сонсох санал гаргажээ.
Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд:
1. Х.Нямбаатар Боксын холбооны ерөнхийлөгч ХЗДХ-ийн сайд
2. Дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх “Эрдэнэт” ТӨҮГ-ын орлогч дарга
3. Дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган олимпын аварга, хөдөлмөрийн баатар
4. Дэд ерөнхийлөгч П.Сэрдамба дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар
5. Б.Мөнхбат “Монросцьетмет “ ТӨҮГ-ийн захирал
6. У.Отгондалай гавъяат тамирчин
7. Д.Төрбат дасгалжуулагч
8. Г.Батбилэг гавьяат дасгалжуулагч
9. Б.Чинзориг багийн ахлагч
10. Э.Сайнбилэг боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан
11. Г.Атарбаяр шүүгч
12. У.Баатар “Монгол- 333 корпораци” ХХК-ийн захирал
13. М.Баянмөнх “Эйч энд Эйч” ХХК захирал
14. В.Ганзориг “Говь-хангай өрөм” ХХК-ын захирал
15. Ц.Цогтгэрэл шүүгч
16. Н.Алтанхуяг “Эрдэнийн тойрог” ХХК-ийн захирал. Боксчин
17. Г.Бадрах спортын шүүгч
18. Х.Ууганбаяр Налайн дүүргийн Цагдаагийн дарга, хурандаа
19. Н.Баярсайхан гавъяат тамирчин
20.Б.Болдбат шүүгчдийн зөвлөлийн дарга (шинээр сонгогдсон)
Б.Жаргал