Саудын Араб улсад авто, мото спортын олимп гэгдэх “Дакар ралли-2022” уралдаан ирэх оны нэгдүгээр сарын 1-14-нд болохоор товлогдлоо. Тус улс энэ нэр хүндтэй тэмцээнийг гурав дахиа зохион байгуулах гэж байна. 44 дэх удаагийн тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин уралдана. Тухайлбал, мотоциклийн төрөлд Намчингийн Лхамаа (109 дугаартай), Баатарын Баттөр (161), SSV төрөлд Гэрэлийн Аранзал, Ганзоригийн Тэмүүжин (466) нар өрсөлдөхөөр хөлгийн жолоо залжээ. Монголын баг таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Б.Батмөнх механикаар ажиллах юм. Харин Н.Лхамаагийн хувьд механикгүй ангилалд уралдах юм байна. Н.Лхамаа тус тэмцээнд тав дахиа уралдах Монголын анхны тамирчин болох билээ.
Б.Жаргал