Дэлхийн хамгийн том холимог тулааны холбоо бол яах аргагүй UFC. Тэгвэл он дуустал аваргын бүсээ хамгаалж 2022 оныг UFC-н аваргын хувиар угтах болсон найман тулаанчийг та бүхэнд танилцуулж байна.
БРЭНДОН МОРЕНО
Мексик улсын анхны UFC-н аварга Брэндон Морено нь 2011 оноос хойш мэргэжлийн түвшинд тулалдаж эхэлсэн бөгөөд эрэгтэйчүүдийн ангиллын хамгийн хөнгөн жин болох 56.7 кг-д тулалдаж буй. Таван жилийн турш ММА болон бусад холимог тулааны байгууллагуудад тулалдсаны эцэст 2016 онд UFC-н дебүтээ хийж эхний үед өрсөлдөгчөө ялснаар өөрийн замналаа эхлүүлж байв. Тэрбээр нийт 26 тулааныг холимог тулаанд хийсэн ба 19 удаа ялж 5 удаа ялагдаж 2 тулаанаа тэнцээгээр өндөрлүүлсэн нэгэн. 2020 оны арванхоёрдугаар сарын 12-нд бүсний төлөөх анхны тулаанаа Бразил тулаанч Дейвисон Фигейредугийн эсрэг хийсэн бөгөөд таван үеийн туршид маш ойролцоо тулалдсаны эцэст тус тулаан тэнцээгээр өндөрлөж тус шөнийн шилдэг тулаанаар шалгарч байлаа. Тэрхүү тулааны эцэст ялагч тодроогүй тул хоёр тулаанч дахин тулалдахаар болж, энэ оны зургадугаар сард тулалдаж гуравдугаар үед Брэндон Морено боолтоор өрсөлдөгчөө ялснаар UFС-н хөнгөн жингийн аварга болсон. Тэрээр 2022 оны эхээр Дейвисон Фигейредутай гурав дахь удаагаа нүүр тулан бүсээ хамгаалах тулаанаа хийх товтой байна.
АЛЖАМЕЙН СТЕРЛИНГ
Эрэгтэй найман жингээс аваргын бүсийг эзэмшиж буй цор ганц Америк тулаанч Стерлингийн хувьд энэ жил 32 настай 61.2 кг жинд тулалддаг. Түүний эцэг эх нь Ямайк хүмүүс бөгөөд Стерлинг нь эцэг эхээсээ наймуулаа, эцэг эх нэгтэй арван хоёр ах дүү нартай нийтдээ арван есөн ах эгч дүү нартай гэсэн үг юм. Түүнийг бага байхад зарим ах нар дээрэмчдийн бүлэглэлийн гишүүд болсноос шалтгаалан тэрээр тус замаас хол байхын тулд 15 настайдаа бөхөөр барилдаж эхэлсэн. Мөн хичээлдээ ч сайн хүүхэд байсан ба Кортландын их сургуулийг Физикийн чиглэлээр амжилттай төгсөж 25 настайдаа буюу нэлээн хожуу UFC-д элсэн орсон. UFC-д орохоосоо өмнө их сургуульд байхдаа чөлөөт бөхөөр үргэлжлүүлэн барилдаж байсан ба төгсөлтийнхөө дараа Америкийн Каге Фури гэх жижиг тулааны холбоонд тулалдаж аварга болсноор түүнийг UFC сонирхож эхлэх болсон. Одоогийн байдлаар нийтдээ 23 тулаан хийснээс 20 удаа ялалт байгуулж гурван удаа ялагдсан бөгөөд энэ оны гуравдугаар сард Орос тулаанч Петр Яаны эсрэг аваргын бүсийн төлөө тулалдсан. Тус тулааны эхний гурван үед Стерлинг ялагдаж байсан ч дөрөвдүгээр үед Петр Яан хориотой өшиглөлт хийж Стерлингийг гэмтээснээр дүрмийн дагуу ялагдаж Стерлинг UFC-н хөнгөн жингийн аварга болов. Түүний бүсээ хамгаалах тулаан энэ оны аравдугаар сард болохоор төлөвлөгдсөн боловч Стерлингийн хүзүүний бэртлээс болж цуцлагдсанаар ирээдүйн тулаануудын тухай ямар нэгэн баттай болсон тов одоогоор гараагүй байна.
АЛЕКСАНДР ВОЛКАНОВСКИ
Македони аав, Грек ээжтэй Австрали улсад төрсөн тэрээр багаасаа сонгомол бөхөөр хичээллэдэг байсан төрөлхийн тулаанч нэгэн байжээ. Гэвч Австрали улсын үндэсний спортуудын нэг болох рэгбигийн спортоор хичээллэхийн тулд 14 насандаа барилдахаа зогсоож хагас мэргэжлийн регбигийн тоглогч болсон түүхтэй. Өсвөр наснаасаа барилга дээр хүн хүчир ажил хийж сурсан тэрбээр барилдахаа больсон ч түүний тулалдах авьяас байсаар байв. 23 насандаа хагас мэргэжлийн түвшинд тоглодог байсан рэгбигийн спортоо орхиж холимог тулаанд хүч үзэхээр шийдсэн тэрээр замналынхаа эхэн жилүүдэд ММА холбооны Ази тивийн бүсэд тулалдсан бөгөөд 2016 оноос эхлэн UFC-тэй гэрээ байгуулан тулалдаж эхэлсэн. Мэргэжлийн түвшинд нийтдээ 24 тулааныг хийсэн бөгөөд 23 удаа ялалт байгуулж цор ганц удаа ялагдал хүлээгээд байна. 2019 оны арванхоёрдугаар сард аваргын бүсний төлөөх тулаанаа Макс Холлоуэйгийн эсрэг хийж шүүгчдийн санал нэгтэйгээр ялалт байгуулснаар UFC-н хөнгөн жингийн (65.8 кг) аварга болсон. Түүнээс хойш аваргын бүсээ хоёр удаа амжилттай хамгаалаад байгаа түүний дараагийн тулаан одоогоор хараахан зарлагдаагүй байна.
ЧАРЛЕС ОЛИВЕЙРА
Бүх цаг үед хамгийн сайн тулаанчдыг бэлтгэн гаргадаг улсын нэг бол яахын аргагүй Бразил билээ. Одоогийн идэвхтэй тулаанчид дундаа хамгийн гоёмсог тулаантай нэр хүндтэй тулаанч бол яах аргагүй Бразилийн анаконда Чарлес Оливейра. Тэрээр Бразилын маш ядуу гэр бүлд төрсөн бөгөөд үргэлж хөлбөмбөг тоглодог мэргэжлийн тоглогч болох мөрөөдөлтэй хүү байжээ. Харамсалтай нь долоон насандаа хатгаа болон зүрхний өвчнөөр өвдсөнөөр түүний шагайд гэмтэл учруулж дахин хөлбөмбөг тоглох боломжгүй болгосноос гадна эмч нар түүнийг саажилттай болох болно хэмээн таамаглацгааж байжээ. Гэвч эдгээр бэрхшээлүүдэд Оливейра бууж өгөөгүй бөгөөд сургууль дээр үнэгүй хамрагдах боломжтой Жиү-Жицүгийн дамжаанд найзынхаа ятгалгаар бүртгүүлэн орж хичээллэх болсон. Харамсалтай нь түүний найз нь түүнийг 14 настай байхад гэрийнх нь ойр хавьд болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас нас барсан. 2007 оноос эхлэн ММА-ын Бразил улсын бүсэд тулалдаж эхэлсэн бөгөөд 12-0 гэх амжилттайгаар UFC-д элсэн орсон. 2010 онд жиү-жицүгийн хар бүсээ авсан бөгөөд өнөө цагийн хэвтээ байрлалаас хамгийн аюултай тулаанчдын нэг тэрээр Жиү-Жицүгийн техникүүдийг тулаандаа маш ихээр ашигладаг. 2021 оны Орос тулаанч Хабиб Нурмагомедов зодог тайлсан тул -70kг жингийн аваргын бүсийн төлөөх тулааныг Чарлес Оливейра өмнөх бүсийн аварга Майкл Чандлертай хийж хоёрдугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч -70.3 кг жингийн аваргын бүсийг эзэмших болсон. Хэдхэн хоногийн өмнө Америк тулаанч Дастин Пойриерын эсрэг анхны бүс хамгаалах тулаанаа хийж тулааны гуравдугаар үед боолтоор ялалт байгуулсан. Одоогийн байдлаар нийт 41 тулааныг хийсэн тэрээр 32 ялж найм ялагдаж нэг тулааны үр дүн гараагүй гэх амжилттайгаар бүсээ эзэмшиж байна.
КАМАРУ УСМАН
“Нигерийн хар дарсан зүүд” хочит Камару Усман нь найман настай байхдаа АНУ-руу гэр бүлйин хамт дүрвэн орж ирсэн. Ахлах сургууль болон коллежид суралцах үедээ чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд 2011 оноос эхлэн ММА-н хагас мэргэжлийн түвшинд тулалдаж эхэлсэн. 2015 онд UFC-н дебүт тулаанаа хийсэн Камару Усман нь нийтдээ 21 тулааны 20-т нь ялалт байгуулсан гэх сүрдэм амжилтын эзэн. Ес дараалсан ялалт байгуулсан тэрээр 2019 онд Тайрон Вудлигийн эсрэг аваргын бүсийн төлөө тулалдаж шүүгчдийн шийдвэрээр ялалт байгуулснаар UFC-н хүнд жингийн (77.1 кг) аварга болсон. Тэр цагаас хойш аваргын бүсээ таван удаа амжилттайгаар хамгаалаад буй түүнийг ялах хэмжээний тулаанч одоогийн байдлаар 77.1кг жинд хараахан гарч ирээгүй байна. Түүний тулааны онцлог нь тэсвэр сайтай, хэвтээ тулаанд өрсөлдөгчөө ядрааж өөрийн давуу талаа гаргаж ирдэг бөгөөд босоо тулаанд ч сүүлийн жилүүдэд эрс сайжирсан. Мөн түүний цор ганц ялагдал нь 2013 онд тохиолдсон бөгөөд UFC дахь хоёр дахь тулаандаа залуухан Камару Усман боолгуулснаар ялагдал хүлээсэн удаатай.
ИСРАЭЛЬ АДЕСАНЬЯ
Камару Усманы нэгэн адилаар Нигер гаралтай Исраэль Адесанья нь арван насандаа гэр бүлийн хамтаар Шинэ Зеланд улс руу дүрвэж тэндээ кикбоксоор хичээллэх болсон. Шинэ Зеландад хагас мэргэжлийн түвшинд 32-0 гэх амжилттайгаар тулалдаж байсан тэрээр 21 насандаа бэлтгэлээ улам шаргуу хийж мэргэжлийн түвшинд Хятад улсад тулалдахаар шийдвэр гаргасан. Нийтдээ 80 тулаан хийснээс 75 удаа ялалт байгуулж таван удаа ялагдал хүлээсэн. Амжилт дүүрэн тулалдсаар холимог тулааны замналаа 2012 онд хийсэн бөгөөд тус цагаас хойш 22 тулаанаас 21 удаа өрсөлдөгчөө ялж нэг ялагдлаа дээд жингийнхээ аваргын бүсийн төлөө тулалдан Польш тулаанч Ян Блаховичид ялагдал хүлээж байсан. 2019 онд анхныхаа бүсийн төлөөх тулаанаа хийсэн тэрээр Келвин Гастелумыг шүүгчдийн шийдвэрээр буулган авснаар UFC-н хүнд жингийн (83.9 кг) аварга болсон. Тэр цагаас хойш аваргын бүсээ дөрвөн удаа амжилттай хамгаалаад байгаа тэрээр хамгийн сүүлд энэ оны зургадугаар сард Итали тулаанч Марвин Ветториг ялсан. Давхар бүс эзэмшихийн тулд дээд жингийнхээ аваргатай тулалдаж явсан түүнийг үндсэн жинд нь буулган авах өрсөлдөгч одоогоор гарч ирээгүй байна. Мөн тэрээр бүжгээр мэргэжлийн түвшинд хичээллэдэг байсан бөгөөд тулаан бүрийнхээ өмнө үзэгчдийг баясгах сонирхолтой бүжгийн хөдөлгөөнүүдийг хийдэг.
ГЛОВЕР ТЕЙШЕЙРА
Португаль гаралтай Бразилын тулаанч Гловер Тейшейра хорин насандаа зам тохижуулалтын ажил хийж мөнгө олохын тулд АНУ-д ирсэн. Бага наснаасаа тулааны спортыг шимтэн үзэж өссөн тэрээр өдөрт 10-12 цаг ажилласныхаа дараа өдөр бүр бокс болон жиү-жицүгийн бэлтгэл хийдэг байсан нь түүнийг одоогийн өндөрлөгт хүрэхэд маш том хувь нэмэр оруулсан. Холимог тулааны анхны тулаанаа АНУ-д ирснээсээ гурван жилийн дараа хийж эхэлсэн бөгөөд нийтдээ 33 удаа ялж долоон удаа ялагдсан. Анх 2014 онд аваргын бүсийн төлөө Жон Жонесын эсрэг тулалдаж шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээж байсан тэрээр долоон жилийн дараа дахин аваргын бүсийн төлөө энэ оны аравдугаар сарын 30-нд тулалдаж Польшийн Ян Блаховичийг боолтоор ялснаар 42 насандаа UFC-н хүнд жингийн (102.1 кг) аварга болсон. Тус амжилт нь UFC-н түүхэн дэх хамгийн хөгшин аварга болсон жагсаалтын хоёрдугаарт бичигддэг. Шинэхэн хүнд жингийн аваргын бүсээ хамгаалах анхны тулааны тов одоогоор тодорхойгүй байна.
ФРАНСИС НГАННУ
Мөн л бусад аваргуудын адилаар Франсис Нганну нь аз жаргалтай хүүхэд нас тийм ч баяр баясгалантай байгаагүй. Камерун улсад төрж өссөн түүнийг зургаан настай байх үед нь эцэг эх нь салснаар авга эгчийн хамтаар амьдарч эхэлсэн. Гэр бүл нь маш ядуу байсан тул арван настайгаасаа эхлэн элсний уурхайд ажиллаж голоо зогоож эхэлсэн. Улмаар түүнд тус бүс нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд өөрсдөд нь нэгдэх саналыг Нганнуд удаа дараалан тавьсан боловч тэрээр гудамжны тулаанч ааваасаа үлгэр дуурайлал авч мэргэжлийн боксчин болох хүсэлдээ автагдан тус санлуудааас татгалзаж бэлтгэл хийж эхэлсэн. Гэвч 22 насандаа өвчний улмаас бэлтгэл хийхээ зогсоож амьдрахын тулд янз янзын ажил хийж явсаар 26 насандаа Франц улсыг зорьсон. Түүний Европ тив дахь амьдрал ч тийм дардан байсангүй. Европ тив рүү нэвтэрсэн даруйдаа Испани улсын хилийг хууль бусаар давсан хэргээр хоёр сар шоронд суусан бөгөөд Франц улсад нэвтрэх үедээ тэрээр ямар таних хүнгүй, ямар ч мөнгөгүй, ерөнхийдөө өөрөөсөө өөр ю ч үгүй байсан. Гудамжинд өдөр хоногийг өнгөрүүлж явсаар нэгэн өдөр Фернанд Лопез гэх Камеруны ММА-н тулаанчтай найзууд болж улмаар тус холбоонд нэгдэхээр болсон. 2013 оноос хойш холимог тулаанд хүч сорьсон тэрээр 5-1 гэх амжилттайгаар ММА-н Францын бүсэд тулалдсан амжилттайгаар UFC-тэй гэрээ байгуулан тулалдах болсон. UFC-н анхны тулаанаа 2015 онд хийсэн бөгөөд эхний зургаан өрсөлдөгчдөө бүгдийг нь дутуу гаргасан амжилттайгаар 2018 онд Стипе Миочичийн эсрэг анхны бүсний төлөөх тулаанаа хийсэн боловч шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн. Гэвч тус явдлаас гурван жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сарын 27-нд Стипе Миочичийн эсрэг дахин бүсний төлөө тулалдаж хүнд цохилтоор ялалт байгуулж UFC-н хамгийн хүнд жингийн (120.2 кг) аварга болсон. Түүний бүсээ хамгаалах анхны тулаан нь 2022 оны нэгдүгээр сарын 22-нд одоогоор ялагдал хүлээгээгүй байгаа Франц тулаанч Сирил Ганы эсрэг болохоор товлогдоод байна.
П.Тамир