Монголын үндэсний бөхийн талбайрлагч А.Ганболд А.Сүхбат аваргын МҮБХ-г шүүхэд хандсан асуудлын араас байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Агваансамдангийн Сүхбат аваргыг бөхийн хувьд хүндэлнэ, барилдааныг нь ч шагшина. Харин таны МҮБХ-той хамаатай байр суурь үнэндээ таалагдахгүй байна. Та монгол бөхийн буян, монгол түмний хайр хүндлэл дор өдий зэрэгтэй хангалуун амьдарч, их хурлын гишүүн ч болж явсан. Таны түрүүвч хэр зузаан байх, таны хэнтэй амьдарч байгааг хэн ч сөхөж ярьдаггүй шиг, та ч бас монгол бөхийн ертөнцийг тайван, эв нэгдэлтэй байлгахад юун болохгүй байна вэ.
Арайхийж нэг хэвэндээ ороод, доторхи элдэв асуудлыг цэгцлэх гэж ядаж явахад та битгий ахин үймүүлээч ээ. Танд монгол бөхийг хөгжүүлэх цэгцтэй бодлого, санаа оноо монгол бөхийнхөө төлөө зүтгэх чин сэтгэл байгаа бол хамтраад ажиллаач ээ.
Өөрсдийгөө бодоод орхиод явчихалгүй, бөхөө гэсэн сэтгэлээр эмхлэх, цэгцлэх гэж хүмүүст чичлүүлэн барин ажиллаж буй одоогийн удирдлагууд таныг цаашаа гэхгүй, наашаа л гэх болов уу. Эсвэл өргөөнд шунаад байдаг юм бол та бөхийн буян, өөрийн овсгоо самбаагаар босгосон хөрөнгөнөөсөө гоё ордон бариад Богд уулын өмнөх өөрийн эзмшилийн том амандаа ч юм уу тэндээ гоё барилдаан, бусад зүйлийг хийж болох бус уу. А.Сүхбат аварга аа та Монгол бөхийн аварга, монгол үзэгчидийн хүндлэл хүлээсэн бөх хүний хувьд монгол бөхийн бодлого зангидаж байгаа бөхийн холбоог эвдэрэлцүүлж, эцэс төгсгөлгүй маргаан эхлүүлэхийн оронд түүхэнд нэрээ зөвөөр дуурсган үлдээх зөв үлгэр үзүүлж, бөхчүүдээ, бөхөө дээдэлдэг монгол түмнээ хүндэтгэн, ямар нэг эрх ашиг бий бол түүнийгээ хоёрдугаат тавьж, эвийг эрхэмлэж, хамтран ажиллахыг хүсье” хэмээв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)