Эрдэнэт хотын болон "Анхдагч илгээлтийн эзэд"-ийн өдөрт зориулсан үндэсний бөхийн улс, аймгийн цолтой бөхийн барилдаан Эрдэнэт хотын Биеийн тамир, спортын газрын зааланд болов. Барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, улсын начин О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аймгийн арслан Ч.Мөнхбат үзүүрлэлээ. Их шөвөгт аймгийн арслан Т.Чулуунгэрэл, аймгийн нэмэх начин Б.Мөнхбат шалгарсан байна. Энэ барилдаанд улсын начин нэг, аймгийн арслан гурав, заан нэг, начин тав, нийт 64 бөх зодогложээ. Түрүү бөх О.Мөнх-Эрдэнэ нь өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын тавын даваанд аварга С.Мөнхбатыг давж, улсын цолтны их айлд бүл нэмсэн бөх юм. Түүний улс цолтон болохоос өмнөх амжилтыг дурдвал 2016 онд аймгийн начин, 2019 онд цэргийн харцага, 2019 онд аймгийн арслан цол хүртэж байжээ.
Б.Жаргал