Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, "Баян Монгол" чуулгын eрөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Бадамдоржийн Ганбатын гэгээн дурсгалд зориулан Морин хуур чуулгын хөгжимчин, зураач Ганбатын Гантулга "Мөнхөд орших цагаан уул цэцэг” бүтээл туурвиснаа Улсын Филармонид дурсгаж, хүндэтгэлтэйгээр байрлууллаа. Түүний бүтээлүүдийн дийлэнх нь морины сэдэвтэй бөгөөд “Жалам хар”, “Дэрэнгийн хар азарга” зэрэг шилдэг бүтээлүүдийг зүйрлэн билэгджээ. Б.Ганбат нь МУИС-д суралцах хугацаандаа нэгэн үеийн оюутнууд болох Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нартай хамтран Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж байжээ. Тэрээр 1973 онд Барилгачдын соёлын ордонд хөгжимчин, багшаар ажиллаж байв. 1974 онд Улсын филармонийн “Баянмонгол” чуулгад гоцлол хөгжимчнөөр уригдан тасралтгүй 46 жил тууштай ажиллажээ.