Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран “Хүмүүжлийн эерэг арга” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Энэ хүрээнд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт болон аймаг, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч 88 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэв. Сургалт, зөвлөн туслах ажлын агуулга, хөтөлбөрт хүүхдийн эрх, хамгаалал, хүмүүжлийн эерэг арга зүйг тусган, багш нарыг ажлын байран дээр нь тасралтгүй чадавхжуулах, ур чадварыг нь дээшлүүлэх боломжийг олгохоор зорьж байна.
Сургалтыг гурван үе шаттайгаар зохион байгуулах юм. Аймаг, дүүргийн хэмжээнд “Хүмүүжлийн эерэг арга”-аар орон нутагт сургагч багш бэлтгэх сургалт энэ сарын 20-24-ний өдрүүдэд, 2022 оны нэгдүгээр сард багтаан ерөнхий боловсролын сургуулиудын нийт багш, ажилтнуудад зохион байгуулна.
Ерөнхий боловсролын сургуулийн багш, дотуур байрын багш нарыг хичээл заах, анги удирдах, хүүхэдтэй ажиллах алхам бүрдээ хүчирхийлэлгүй арга хандлагыг хэрэглэх, хүүхэд бүрийн хувийн болон насны онцлогийг харгалзан ажиллах ур чадварыг нэмэгдүүлэхэд энэхүү сургалтын зорилго чиглэгдэж байгаа юм.