Мексикийн Чиапас мужид дүрвэгчдийг тээвэрлэж явсан ачааны машин гүүр мөргөн онхолдож чиргүүл нь хөмөрсний улмаас зуугаас олон хүн гэмтэж бэртсэн тухай нутгийн эх сурвалжууд мэдээллээ.
Нутгийн иргэд ослын тухай хэлэхдээ “Хохирогчдын биеийн хэсгүүд хаа сайгүй зам дээгүүр шидэгдсэн маш аймшигтай дүр зураг харагдаж байсан” хэмээжээ. Хохирогчдын тоо болон үндэс угсааг нь одоогоор гүйцэд тогтоогоогүй байгаа боловч одоогийн байдлаар 53 хүн нас барсан байгаа бөгөөд тэдний ихэнх нь Гондурас болон Гуатэмала улсуудаас ирсэн дүрвэгчид байжээ. Чиапас муж нь Мексик Гуатэмала улсуудыг холбодог бүс нутаг бөгөөд албан ёсны бичиг баримтгүй дүрвэгчид ихэвчлэн тус бүсээр дамжин Мексик улс руу нэвтэрдэг байна. Улмаар тус дүрвэгчид Мексик улсаар дамжин Америкийн Нэгдсэн Улс руу нэвтрэх боломж нь үүсдэг.
Төв Америкийн ядуу буурай орнуудаас ийм байдлаар жил болгон олон сая хүн эрсдэлтэй замыг туулдаг бөгөөд энэ жил л гэхэд 650 хүн дүрвэх замдаа ямар нэгэн байдлаар амь насаа алдсан байна.
Эх сурвалж: "BBC"