Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар боллоо. Хуралд Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгч, БНХАУ-ын ҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ян Шуан болон тус хороонд бүртгэлтэй ҮОХ-дын төлөөлөл цахимаар оролцов.
Монголын талаас МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, наадмын Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир болон Зохион байгуулах хорооны оролцлоо.
Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ЗБХ-ны нарийн бичгийн дарга И.Баатархүү нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсний дараа “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын бэлтгэл ажлын явцын тайлан мэдээллийг сонсож, улмаар наадам зохиогдох хугацаа болон спортын төрлүүдийг эцэслэн баталлаа.
Зүүн Азийн залуучуудын наадам спортын үндсэн 9-10 төрөлтэй байдаг. Үүн дээр Зохион байгуулах орны зүгээс 2-3 спортыг санал болгох боломжтой. Манай улсын зүгээс электрон спорт, чөлөөт бөх, боксын төрлийг санал болгсныг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөл дэмжин батлав.
Ингэснээр “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам хөнгөн атлетик, бадминтон, сагсан бөмбөг (3х3 болон 5х5), хөлбөмбөг, жүдо, усанд сэлэлт, ширээний теннис, таеквондо, волейбол, e sport, чөлөөт бөх, бокс гэсэн 12 төрлөөр зохиогдохоор болов.
Түүнчлэн наадмыг 2023 оны наймдугаар сарын 12-19-ны хооронд найман өдрийн турш зохион байгуулах санал оруулсныг мөн дэмжин баталлаа.
Дүрмийн дагуу наадам зохион байгуулах улсын ҮОХ-ны тэргүүн Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгч байдаг. Тиймээс өнөөдрийн хурлаар МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшигийг Зүүн Азийн олимпын хороодын дэд ерөнхийлөгчөөр сонгов. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлийн гишүүнээр сонголоо.
Сэтгэгдэл (1)