Монголын спортын оны шилдгийг шалгаруулах "Бөртэ чоно-2021" наадам энэ сарын 13-нд МҮОНТВ-ийн 600-гийн студид болохоор товлогдлоо. 2002 оноос эхлэлтэй тус наадам 19 дэх жилдээ болох гэж буй бөгөөд өнгөрсөн жил цар тахлын улмаас өнжсөн. “Бөртэ чоно” наадмын шилдгүүдийг тодруулахдаа эхлээд спортын сэтгүүлчид оролцсон баг бүрэлдэхүүн нэр дэвшүүлдэг. Энэ нэр дэвшсэн хүмүүсийн дундаас тухайн жилийн “Бөртэ чоно” төрдөг билээ. Энэ жил бол онцлог жил, Олимпын жил байсан. Тэгэхээр “Бөртэ чоно” тун өрсөлдөөнтэй, сонирхолтой болох нь ойлгомжтой.
Гэтэл энэ наадмын эргэн тойрны мэдээллээс шүүрдэхэд хачирхалтай, бас харамсалтай нэгэн мэдээлэл дуулдсэн нь “Бөртэ чоно-2021” наадмын шилдэг тамирчин номинацад “Токио-2020” паралимпын наадмын аварга, ДАШТ-ий хошой алт, хошой мөнгөн медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээг нэр дэвшүүлээгүй байна. Тиймээс дэлхийд нэрээ дуурсгаж, Токиогийн тэнгэрт төрийнхөө алтан соёмбот далбааг мандуулсан отгон баатар Э.Содномпилжээ энэ жил лав шилдэг тамирчны өрсөлдөөнөөс “хасагдах нь”.
Учир нь, дээр хэлсэнчлэн нэр дэвшүүлэх эрхтэй спортын сэтгүүлчид бүрдүүлдэг ажлын хэсгийнхэн паралимпын аварга Э.Содномпилжээг шилдгээр нэрлээгүй гэсэн үг. Гайхалтай, бас хачирхалтай байгаа биз?
Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид нэр дэвшүүлж, мөн санал өгдөг бөгөөд энэ жилийн шилдэг тамирчин, дасгалжуулагч шалгаруулах ажлын хэсгийг спортын сэтгүүлч Баасанжавын Бадамгарав, Отгонбаатарын Наранбаатар нар ахалж байгаа юм. Санал өгсөн спортын сэтгүүлчид их спортын амжилт тусдаа, паралимпын амжилт тусдаа байх ёстой гэж үзжээ.
Уг нь спорт, тэр тусмаа олимп, паралимп бол улс төрөөс ангид, тэр тусмаа арьс өнгө, шашин шүтлэг, хэн байхаас үл хамааран бүгдэд эрх тэгш хандах ёстой байдаг.
Гэтэл оны шилдгээ шалгаруулах Монголын спортын салбарт энэ үзлийг хойш тавьж байгаа нь харамсалтай.
Уг нь энэ оны Монголын спортын салбарт хамгийн өндөр амжилт үзүүүлсэн нь яах аргагүй Э.Содномпилжээ байлаа. Паралимпын наадмаас алтан медаль хүртсэн тэрбээр хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж спортод дуртай, тамирчдыг хайрладаг түмний магнайг тэнийлгэсэн. Э.Содномпилжээгийн энэхүү түүхэн амжилтыг төрийн тэргүүн өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн нь санамсаргүй шагнал биш юм. Ингэснээрээ Э.Содномпилжээ төрдөө үнэлүүлсэн ч, спортын сэтгүүлчдэд үнэлэгдээгүй баатар болов.
Түүх сөхөхөд, Э.Содномпилжээ 2016 оны Риогийн паралимпын наадмаас хүрэл медаль хүртээд ирэхэд нь түүнийг оны шилдэг тамирчнаар өргөмжилж байлаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (23)