Коронавирусын шинэ хувилбар Омикрон дэлхийн олон улсад хурдтай тархаж байгаа. Энэ хувилбараас хамгаалах, хохирол багатай давахын тулд вакцины бүүстер тунг тариулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байгаа билээ.
Зарим улс орон омикрон хувилбар дэгдсэнтэй холбоотойгоор вакцины гурав дахь тунд хамрагдсан байхыг заавал шаардаж эхэлж байгаа бөгөөд нэг нь Франц улс болж байна. Тус улс 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн вакцины бүүстер тунд хамрагдсан байхыг шаардах юм байна. Мөн тус улс 5-11 насны хүүхдүүдээ вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа юм байна.
Дашрамд дурдахад тус улсад илэрсэн халдварын тоо сүүлийн 14 хоногт 154 хувиар өсөөд байгаа юм. Үүний 25 тохиолдол нь омикроноор халдварлагдсан гэдэг нь батлагдсан. Халдвар ингэж өсч байгаа учраас тус улс шөнийн цэнгээний газруудаа дөрвөн долоо хоногийн хугацаатай хаахаар болоод байна.
С.Сүлд