ОХУ-ын боксын улсын аварга шалгаруулах тэмцээн болж, эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Буриадын боксчин бүсгүй Дулма Лумбунова алтан медаль хүртжээ. Өдгөө 26 настай Дулма Лумбунова нь Буриадын Сэлэнгэ аймгийн Ноехон тосгоны гаралтай. 10 настайдаа Сергей Биликтуевын удирдлага дор таеквондогийн спортоор анхлан хичээллэж, бүх оросын аварга болж, Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн нэгэн. Улмаар гэр нь нүүж, Москва хотод суурших болсноор боксын алдарт дасгалжуулагч Бато Батуевт шавь орсон түүхтэй. Энэ мөчөөс түүний боксын замнал эхэлсэн. Түүний төрсөн эгч сурын спортын мастер, жүжигчин, дуулаач мэргэжилтэй бол ах нь чөлөөт бөхийн спортын мастер цолтой. Дулма Лумбуновагийн рингэний хүсэл мөрөөдөл нь манай улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, УАШТ-ий 10 удаагийн аварга М.Нандинцэцэгтэй тулалдах бөгөөд харамсалтай нь тэдний жингийн зөрүү хол юм.
Б.Жаргал