Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгч гишүүдийн ээлжит хурал өчигдөр болж, гурван асуудлыг хэлэлцэв. Эхний асуудал нь Тэргүүлэгч гишүүний үүрэг гүйцэтгэгчийг томилж, дараа нь допинг хэрэглэсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хасах тухай шийдвэр гаргасан бол дэвжээн дээр ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг багадаа зургаан сараар хаслаа. Энэ талаар дэлгэрүүлье.
Т.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ ТЭРГҮҮЛЭГЧ ГИШҮҮНИЙ АЖЛАА ӨГСӨН НЬ УЧИРТАЙ БАЙЖ
МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүний үүрэг гүйцэтгэгчээр улсын харцага Д.Батболдыг томилсон бөгөөд өмнө нь улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ажиллаж байлаа. Т.Өсөх-Ирээдүй ажлаа өгөх нэг сонин шалтгаантай. Түүний нутагт болсон цол, чимэг олгох барилдаанд цол нэмсэн бөхчүүдийг эрэмбэд оруулаагүйн улмаас шаралхан ажлаа өгсөн гэх. Энэ үнэний ортой. Тэрхүү барилдаанд Т.Өсөх-Ирээдүйн шавь Б.Төрболд түрүүлж, уг нь хурц чимэгтэй болох байв. Юуны учир энэ барилдааныг цуцалсан гэхээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамж гараагүй байхад бөхчүүд дур мэдэн барилдаан зохион байгуулсан юм билээ. Тус барилдааныг зохион байгуулсан гол хүний нэг нь улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг гэж ярьж байна.
Э.ОЮУНБОЛД ДАХИН ДОПИНГ ХЭРЭГЛЭВЭЛ БҮХ НАСААРАА БАРИЛДАХ ЭРХГҮЙ БОЛНО
“Үндэсний бөх-Үнэт өв” 512 бөхийн барилдаанд зодоглосон нэр бүхий 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөөс нь хориотой эмийн бодис илэрсэн бөгөөд тэд хариугаа хүлээн зөвшөөрсөн. Тиймээс МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүд улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найм, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хассан байна. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав саяхан “допинг хэрэглэсэн бөхийн толгойг илэхгүй” гэсэн гарчигтай ярилцлага өгсөн удаатай. Хэлсэн ёсоор допингтой бөхчүүдэд өршөөл үзүүлсэнгүй. Э.Оюунболдын хувьд давтан допингийн зөрчил гаргасан тул дүрмийн хүрээнд ийн шийтгэл оноох нь аргагүй. Э.Оюунболд өдгөө 28 настай. Тэр шийтгэлийн энэ хугацаанд аливаа бөхийн барилдаанд зодоглож, дахин допинг хэрэглэж шийтгэлээ хүндрүүлэхгүй тохиолдолд 36 насандаа эргэн барилдах боломжтой. Эс бөгөөс бүх насаараа барилдах эрхгүй болох билээ. Харин Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нар анх удаа допингийн зөрчил гарсан тул дөрвөн жил барилдах эрхээ хасууллаа.
БӨХИЙН ХОЛБОО БҮДҮҮЛЭГ БӨХЧҮҮДТЭЙ ХАТУУ ТЭМЦЭЖ БАЙНА
МҮБХ-ны удирдлага шинэчлэгдэж, ёс зүйгүй бөхчүүдтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн нь саяхан. Өнгөрсөн долоо хоногт учраа бөхөө нударсан аймгийн харцага Ж.Дэлгэрсайханы барилдах эрхийг нэг жилээр хаслаа. Бусад бөхчүүдэд сургамжтай хэрэг. Тэр Ардчилсан намын 30 жилийн ойн барилдааны үеэр аймгийн заан Б.Батбаянд унасныхаа дараа шалтгаангүй гар хүрсэн юм. Мөн сумын заан Ё.Гантулга, О.Баяржаргал нарын барилдах эрхийг зургаан сараар хассан байна. Бөхийн үзэгч цөөрсөн нэг шалтгаан нь бүдүүлэг бөхчүүдийн ёс зүйгүй үйлдэл гэж хэлж болно. МҮБХ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүддээ хатуу шийтгэл оногдуулсан нь яах аргагүй зөв. Ингэж гэмээн монгол бөх цэвэр ариун оршин тогтнох буйзаа. Одоо начны найраатай тэмцэх л үлдлээ.
Допинг хэрэглэсэн бөхчүүд:
2002 он: 1.А.Сүхбат (анаболик стероид, дархан аварга)
2003 он: 2.Ду.Батбаяр (анаболик стероид, улсын начин)
2004 он: 3.Ц.Мягмарсүрэн (анаболик стероид, улсын заан)
2004 он: 4.Г.Ганхуяг (анаболик стероид, улсын харцага)
2006 он: 5.Д.Рагчаа (анаболик стероид, улсын гарди)
2006 он: 6.Г.Эрхэмбаяр (анаболик стероид, улсын аварга)
2009 он: 7.Ц.Сумъяабэйс (анаболик стероид, улсын начин)
2009 он: 8.Б.Соронзонболд (дексаметазон, улсын заан)
2011 он: 9.Г.Алтангэрэл (анаболик стероид, улсын харцага)
2011 он: 10.Ц.Цогбаяр (анаболик стероид, улсын начин)
2012 он: 11.Х.Мөнхбаатар (анаболик стероид, улсын арслан)
2012 он: 12.Б.Сугаржаргал (анаболик стероид, улсын начин)
2014 он: 13.Б.Суманчулуун (анаболик стероид, улсын начин цолыг нь хураасан)
2014 он: 14.Н.Адъяабат (анаболик стероид, улсын начин цолыг нь хураасан)
2016 он: 15.Б.Баатарцол (улсын начин
2016 он: 16.Б.Ганзориг (улсын начин)
2017 он: 17.Ө.Бат-Орших (улсын гарди)
2017 он: 18.Б.Пүрэвсайхан (улсын заан)
2017 он: 19.Э.Даш (улсын начин)
2017 он: 20.Б.Номиндалай (аймгийн арслан)
2017 он: 21.С.Майнбаяр (сумын заан)
2018 он: 22.Б.Соронзонболд (улсын заан)
2018 он: 23.Б.Гончигтавхай (аймгийн арслан)
2018 он: 24.Н.Ганбаатар (улсын гарди)
2018 он: 25.А.Цацабшир (улсын харцага)
2018 он: 26.Ц.Бямба-Очир (улсын начин цолыг нь хураасан)
2019 он: 27.Э.Оюунболд (улсын аварга)
2019 он: 28.Д.Цэрэнтогтох (улсын начин)
2020 он: 29.Н.Батсуурь (даян аварга)
2020 он: 30.Р.Пүрэвдагва (улсын арслан)
2020 он: 31.Б.Бат-Орших (аймгийн арслан)
2021 он: 32.Э.Оюунболд (улсын арслан)
2021 он: 33.Н.Батсайхан (аймгийн арслан)
2021 он: 34.Б.Хадбаатар (аймгийн арслан)
2021 он: 35.Б.Уртнасан (аймгийн заан)
Ёс зүйгүй үйлдэл гаргаж, барилдах эрхээ хасуулсан бөхчүүд:
Улсын арслан Р.Пүрэвдагва хоёр сар
Улсын арслан Ц.Содномдорж дөрвөн сар
Ёс зүйгүй үйлдэл гаргаж, уучлал хүссэн бөхчүүд:
Улсын харцага Б.Бат-Өлзий
Улсын заан Д.Анар
Б.Жаргал