АНЭУ-ын нийслэл Абу Даби хотод болсон жүдо бөхийн их дуулга тэмцээний +100 кг-ын жинд Одхүүгийн Цэцэнцэнгэл гэж манай цэл залуу жүдоч Румины бөх Владут Симионескутыг дадал болсон зүүн мордох мэхээрээ цэвэр ялж, алтан медаль хүртсэн билээ. Хүнд жинд хурц, дайчин барилдаан гаргаж болдгийг жишээг тэрбээр үлгэрлэн харууллаа. 22 настай О.Цэцэнцэнгэл бөхийн дэвжээнд хөл тавиад арван өвөлтэй золгож байна. Тэр 1999 оны дүн өвөл Эх нялхаст Б.Одхүүгийн ууган хүү болон мэндэлжээ. Дөлгөөн харцтай, хийгүй барилдаантай энэ залуу 2017 оны Хэнтий аймгийн баяр наадамд анхлан барилдахдаа аз од нь гийж, аймгийн арслан болсноор үндэсний бөхийн хүрээнийхэнд танигдсан. Харин түүнд жүдо бөхийн эрдэм заасан багш нь “Жүдо академи”-ийн Д.Батсайхан.
О.Цэцэнцэнгэлийн энэ төрлөөр залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, Хонгконгийн нээлттэй тэмцээний хүрэл, Залуучуудын Ази, Номхон далай орнуудын АШТ-ий алт, Европын Оберварт тэмцээний хүрэл, Варшавын нээлттэй тэмцээний хүрэл, УАШТ-ий хоёр алтан медальтай.
Муугүй амжилт байгаа биз. Эцэстээ Чимэдёндонгийн Болдбаатар гэж хэрсүү дасгалжуулагчид шавь орсон гэх. Багш, шавь хоёр олимп, дэлхийн дэвжээнд нэг нь барилдаж, нөгөө дасгалжуулаад явах цаг ойрхон. Парисын олимпын ирээдүй гэрэлтэй байна. О.Цэцэнцэнгэл Азербайжанд болсон их дуулгаас хүрэл медаль авсан нь саяхан. Их дуулга тэмцээний хүнд жинд монголоос дараалан медаль авна гэдэг амаргүй. Иймээс түүний онцолж буй билээ. Түүний аав Б.Одхүүг бөхийн хүрээнийхэн андахгүй. 2000 оны Баяр наадмаар улсын арслан М.Мөнгөнөөр тав давж, начин цол хүртсэн бөх бий. Өдгөө үндэсний бөхийн ерөнхий цэцээр ажиллаж байгаа. Харин ээж нь манай жүдо бөхийн анхдагч эмэгтэй бөхчүүдийн нэг. Дэлхийн хэмжээний шүүгчийн зэрэглэлтэй хүн бий.
О.Цэцэнцэнгэлийн үндэсний бөхөөр Улсын баяр наадамд үзүүлсэн амжилт нь муугүй. Тэр 2019 оны наадмаар улсын арслан Х.Мөнхбаатараар гурав давж, дөрвийн даваанд түрүү бөх даян аварга Н.Батсуурьт тахим буулгаж байв. Дараа жил нь гарьд М.Баяржавхлангаар гурав давж, мөн л түрүү бөх П.Бүрэнтөгс аваргатай оноолт таарч унасан. Хоёр жил дараалан түрүү бөхтэй таарсан нь харамсалтай. Гэхдээ түүнд өндөр амжилт гаргах нас, ирээдүй байна. Жүдо бөхөөрөө олимп, дэлхийн медальтан болохыг хүсэн ерөөе.
Б.Жаргал
Сэтгэгдэл (11)