ОУХБХ /FIFA/-ны оны шилдгүүдийг шалгаруулах "FIFA BEST" шагнал гардуулах ёслолын ажиллагаанд гишүүн холбоодын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон ахлагч нар саналаа өгдөг уламжлалтай. Өнгөрсөн жилээс ОУХБХ-ноос тусгайлан гаргасан гар утасны аппликейшнаар санал өгч эхэлсэн юм. Тэгвэл энэхүү санал асуулгад манай улсаас дөрвөн хүн саналаа өгчээ. Тухайлбал, Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масэ Шүичи, багийн ахлагч Х.Цэнд-Аюуш, эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Э.Эрдэнэбат, багийн дэд ахлагч А.Алтантуяа нар оны шилдэг хаалгач, тоглогч болон дасгалжуулагч нарт тус бүр гурван хүнд саналаа өглөө. Тус “FIFA BEST” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа онлайнаар 2022 оны нэгдүгээр сарын 17-нд болох юм.