Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёд уналгүй түрүүлж, японы Эзэн хааны цомын зургаа дахиа хүртсэн 73 дахь ёкозүна Тэрүнофүжигийн NHK телевизэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Дээд зиндаанд зургаан удаа хоёр дараалан түрүүлсэн танд баяр хүргэе?
-Баярлалаа.
-Та дөрвөн зүгт мэндчилж ёсоллоо. Юу бодож мэндчилсэн бэ?
-Кюүшюүд удаан хугацаанд тэмцээн болоогүй. Кюүшюү башёд талархалтайгаар эхлүүлсэн.
-Кюүшюү нутгийн иргэд таны барилдааныг талархалтайгаар хүлээн авч үзлээ?
-Тийм ээ. Олон хөгжөөн дэмжигчийг дэмжлэгийн тусламжтайгаар сэтгэл зүйгээ өөдрөг байлгаж, барилдаан улам итгэлтэй болж байсан.
-Та анх удаа уналгүй түрүүллээ. Ямар мэдрэмж төрж байна?
-Одоог хүртэл чадаагүй амжилт байсан. Биелүүлж чадсандаа маш их баяртай байна.
-Сүүлийн өдрийн барилдаанд сэтгэл зүйн хувьд дарамт байв уу?
-Дарамт мэдрээд ямар ч үр дүн гарахгүй. Дэвжээн дээр гарсан л бол байгаа зүйлээ дайчлан барилдах нь чухал гэдгийг бодож байлаа.
-Озеки Такакейшог тосож барилдлаа шүү дээ?
-Би өөрийгөө авьяастай бөх биш гэж боддог. Хамгийн гол нь нэг зүйл дээр л төвлөрч барилдсан.
-Нэг зүйл гэдэг нь?
-Хамгийн гол нь том биеэ ашиглаж, Өрсөлдөгч бөхтэйгөө голлож, дайралтыг нь тогтоож барилдах ёстой байсан. Тийм л мэдрэмжээр барилдаж байгаа.
-Энэ башёг бүхэлд нь эргэн харвал юу гэж бодож байна вэ?
-Мэргэжлийн сүмод орсон цагаас ийм бэлтгэл сургуулилт, барилдаан үзүүлье гэж туршиж байсан боловч хэрэгжүүлж чадаагүй. Бага багаар барилдаанаа өөрийн болгож байна.
-Та уг нь сайн барилдаан гаргасан шүү дээ. Гэхдээ бага багаар гаргасан гэж бодож байна уу?
-Хамгийн гол нь 100 хувь өөрийн болгох зорилготой байгаа.
-Хакүхо аваргын нэр банцүкэгаас гарлаа. Ганцаараа ёкозүна цолтойгоор барилдаж эхэллээ. Энэ нь сэтгэл зүйн дарамт байв уу?
-Дэвжээн дээр тэр тухай бодох шаардлага байхгүй. Өнгөрсөн үетэй харьцуулбал ёкозүна цолтны орон зай, нэр сүрийг авч явах зүйл дээр улам хичээж явах ёстой гэж бодож байна.
-Ёкозүна цол хүртсэнийхээ дараа хоёр башё дараалан түрүүлсэн амжилтаараа Тайхо аваргын амжилттай зэрэгцлээ. Энэ талаар юу хэлэх вэ?
-Нэг өдөр, нэг барилдаан гэдэг сэтгэл зүйгээр барилдаж ирсэн нь энэ амжилтанд хүргэсэн байх аа.
-Маргааш таны 30 насны төрсөн өдөр тохионо. 30 настай жилийг ямар байна гэж бодож байна?
-Насны талаар бодмооргүй байна. Хамгийн гол нь чадах зүйлээ хийе гэж бодож байна.
-Ирэх жилийг ямар байна гэж төсөөлж байна вэ?
-Том мөрөөдөл, том зорилготой байгаа. Түрүүлсэн тоогоо хоёр оронтой болгохыг хичээнэ ээ. Амар биелэх зүйл биш. Өөрийгөө дайчилж барилдах бодолтой байгаа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)