Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас гаралтай коронавирусын шинэ хувилбар В.1.1.529-ийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага грек цагаан толгойн үсгийн дарааллаар Омикрон гэж нэрлэхээр болж “аюултай” ангилалд орууллаа.
Энэ хувилбар нь 500 дахин их хурдаар халдварладаг, вакцинд тэсвэртэй байж магадгүй байна. Энэ нь дэлхийн улс орнуудын санааг зовоож, Омикрон бүртгэгдсэн улсуудтай агаарын хилээ түр хугацаагаар зарим орон хязгаарлаад байна.
Одоогоор энэ хувилбар ӨАБНУ, Ботсвана, Израйль, Хонгконг, Бельги улсуудад бүртгэгдээд байна. Омикрон нь дельтатай харьцуулахад сэртэнгийн уурган дээрээ 30 гаруй, бусад мутацаа нийлүүлбэл нийт 50 гаруй мутацтай. Үүнээсээ эс рүү нэвтрэх рецептор дээрээ 10 гаруй мутацтай байна. Харин дельта эс рүү нэвтрэх рецептор дээрээ хоёр л мутацтай байсан билээ. Энэ хувилбар нь ийм олон мутацыг нэг доор агуулж байгаа нь дархлал унасан хүний биед, магадгүй ДОХ-ын халдвартай хүний биед мутацлагдсан байж магадгүй гэж үзэж байгаа юм. Омикрон хувилбар гарсантай холбогдуулан НҮБ улс орнуудыг хилийн хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөөд байгаа. Европын холбооны улсууд, АНУ, ОХУ, Канад улсууд коронавирусын шинэ хувилбар бүртгэгдсэн бүс нутгуудад агаарын тээвэртээ хязгаарлалт тогтоохоо зарлаад байна.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)