Нийслэл Улаанбаатар хотноо 2023 онд Зүүн Азийн залуучуудын спортын наадам болно. Наадмын зохион байгуулах хороог нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар ахалж байгаа юм. Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү өнөөдөр МҮОХ-нд зочилж, наадмын зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Уулзалтад МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцов.
Уулзалтын үеэр талууд наадмын зохион байгуулалтын хүрээнд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж, улмаар Зохион байгуулах хорооны дэд ажлын хэсгийг байгуулахаар тогтов. Ирэх арванхоёрдугаар сарын 7-8-нд Зүүн Азийн олимпын хорооны зөвлөлүүдийн хурал болно. Уг хурлаар Монголын талаас наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар танилцуулж, наадам зохиогдох хугацаа болон спортын төрлүүдийг хэлэлцэн шийдвэрлэх юм.