МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг биед хүнд гэмтэл учруулснаас үүдэж ёс зүйн хариуцлагаа хүлээсэн билээ. Үүнтэй холбоотойгоор МҮОХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгох сонгуулийг энэ сарын 30-нд хийхээр тов гаргасан. Харин тус сонгуульд нэр дэвшигчийг энэ сарын 15-наар дуусгавар болгосон бөгөөд таван хүн материалаа ирүүлсэн байна.
МҮОХ-ы ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир, Д.Жаргалсайхан, н.Мягмаржав гэсэн таван хүн өрсөлдөнө гэнэ.
Тухайлбал, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нэр мэдүүлсэн бөгөөд түүний хувьд энэ сонгуульд ялалт байгуулах өндөр магадлалтай хүн. Харин Х.Баттулгын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг болох нь. Тэр энэ суудлын төлөө өрсөлдөх нь тодорхой байсан юм. Б.Баттүшиг тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч ба ОУОХ-ны гишүүний албан тушаал эрхэлж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн асан, Монголын буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир өрсөлдөнө. Тэр МҮОХ-ны үе үеийн сонгуульд өрсөлдөж, дуу хоолойгоо хүргэсээр байв. Дараагийн хүн нь Д.Жаргалсайхан. Энэ эрхэм Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өдгөө Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Сүүлийн нэр дэвшигч нь н.Мягмаржав гэсэн нэр дуулдав. Түүний талаар хараахан мэдээлэл гараагүй байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (29)