Монгол Улсын гавьяат тамирчин О.Ууганбаатартай ярилцлаа.
-Гавьяат тамирчин болсонд тань баяр хүргэе. Хамгийн түрүүнд юу бодогдох юм?
-Маш их баярлаж байна. Жүдо бөхөөр 18 хичээллэж, олон улсын тавцанд амжилттай барилдаж ирсэн хөдөлмөрийг минь үнэлж төр, түмэн маань гавьяат хэмээх эрхэм шагналаар шагнасан байх аа.
-Энэ шагналыг хүртэх болсноо хэзээ мэдсэн бэ?
-Улс тунхагласны баярын өдрөөр шагнана гэж байтал наашилсан нь энэ.
-Та гавьяат тамирчин болно гэдгээ эрт мэдэж байжээ?
-Тулга ерөнхийлөгчөөс гардан авсан. Хүнд хэлээгүй болохоос биш зарлиг нь эрт гарсан юм.
-Жүдо бөхөд анх хөл тавьсан үеэ эргэн дурсахгүй юу?
-Цонжин болдогийн цаахна өвөө, ахтайгаа мал дээр байж байтал олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах, шигшээ багийн дасгалжуулагч П.Нямлхагва, О.Эрдэнэбадрах ах нар салхинд гарч явахдаа манайд бууж таардаг юм. Тэр нь 2003 он. Тэгээд “чи энд мал маллаж юугаа хийдэг юм” гэв. Тэгээд Спортын төв ордонд анхны бэлтгэлээ хийж эхэлсэн нь миний амьдралд маш том өөрчлөлт авчирсан. П.Нямлхагва ах миний үеэл ах байгаа юм.
-Жүдогоос өөр спортоор хичээллэж байсан уу?
-Жүдо бөх рүү орохоос өмнө бол спортын аль нэг төрлөөр хичээллэж байгаагүй. Харин дунд үедээ самбо бөхийн өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлж, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль авсан. 2013 оноос хойш самбо бөхөөр огт барилдаагүй.
-Санаанаас огт гардаггүй дурсамжтай тэмцээн гэвэл?
-Жүдо бөхөөр нэг жил хичээллэсэн би Якутад 2004 онд болсон Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль хүртсэн нь хамгийн дурсамжтай тэмцээн юм. Энэ медаль надад жүдо бөхөөр хичээллэх урам хайрлаж, амжилт гаргахад чухал нөлөө үзүүлсэн гэж боддог. Тамирчин хүний хамгийн жаргалтай мөч бол медалийн тавцанд гарах байдаг.
-Тэгвэл таны замналын хамгийн хүнд үе хэзээ тохиож байв?
-Тамирчин хүний хамгийн хэцүү үе гэвэл бэртгэл гэмтэл байдаг юм. Харин бэлтгэлээс бол шантарч үзээгүй. 2013 онд зүүн өвдөгний чагтан холбоос тасархад тун хүнд байсан. Тэр жилийн ДАШТ-д хөл муутай барилдсаар байж шагналт тавдугаар байрт орсон. Тэр үед их зүйл бодогддог юм билээ. Тэгсэн 2014 онд МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ах өвдөгний хагалгаанд орох зардлыг шийдэж өгсөн.
-Хэрэв өвдгөө бэртээгээгүй бол тэр ДАШТ-ээс медаль хүртэх найдлага байсан уу?
-Өвдгөндөө бэртэлгүй байсан бол медаль хүртэх боломж 100 хувь байсан. Зааланд бэлтгэл хийж байхдаа чагтан холбоосоо тасалчихсан юм.
-Таны дараагийн зорилго?
-Жүдогийн тамирчин бэлтгэх тал руугаа орж байна даа. Ганц бодож байгаа зүйл гэвэл шавь нараасаа өөрийнхөө аваагүй медаль, хүрээгүй амжилтанд хүргэхийг зорино. Энэ дашрамд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Сүлд” спортын хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, шигшээ багтаа баярлалаа. Энэ олон байгууллагын удирдлага, бие бүрэлдэхүүн байгаагүй бол би өдийг гавьяат тамирчин цол хүртэхгүй байсан юм гэж хэлье.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)