Манай урд хөршийн нийслэл Бээжин хотод болсон зуны олимпын наадмаас Монголын баг дөрвөн медаль хүртсэний хоёр нь алт, хоёр нь мөнгөн медаль авсан билээ. Монголын тамирчид ийм амжилтыг өмнө нь гаргаагүй, өдгөө ч үзүүлээгүй байна. “Бээжин-2008” олимп бол монголчуудад тун ээлтэй наадам болсон. Тэр өдрөөс хойш яг 14 жил өнгөрчээ.
Зэргэлдээх улсад болсон тэрхүү олимпод манай 29 тамирчин өрсөлдөхөд боксын 54 кг-ын жинд Энхбатын Бадар-Ууган алтан медаль хүртэж, монгол зон олноо тултал баярлуулж чадсан. Энэ түүхэн өдөр өнөөдөр (8.24) тохиож байна.
Тэр бидэнд бахархал авчирч, омогшил төрүүлсэн гавьяатан. Түүнийг Бээжингийн олимпоос алтан медаль авна гэдэгт монголчууд бат итгэж, гадныхан шагшин магтаж байсан нь өчигдөрхөн мэт. Бадараа аварга олимпын аварга болох замдаа Мексик, Ирланд, Ботсван, Молдав, Кубын ширэн бээлийтнүүдэд монгол эрийн нударганы амтыг хангалттай мэдрүүлсэн. Т.Үйтүмэн гавьяатын хэлдгээр тэр 13 жилийн өмнөх энэ өдөр олимпын рингэнд “илүү” нь байсан. Түүнд оролцоогүй тэмцээн, аваагүй медаль ч цөөн. Э.Бадар-Ууган “Бээжин-2008”-д од болон гялалзахынхаа өмнө Оюутны дэлхийн аварга болж, 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, 2007 онд Ази тивдээ босоо түрүүлсэн юм.
Түүний медалийн цуглуулгад буй “Доха-2006” Азийн наадмын хүрэл, Химийн цом тэмцээний алтан медаль, Чехийн Усти-над-Лабем хотод болсон олон улсын тэмцээний мөнгөн медаль нь хэр чансаатай тамирчин болохыг илтгэнэ. Мөн 2007, 2008 оны Монгол Улсын шилдэг тамирчин шагналыг он дараалан хүртэж, 2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчин болсноос үзэхэд тэр яах аргагүй дэлхийн шилдэг тамирчин, Монголын сор хөвгүүн билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (10)