Балдангийн Дашням
(1932-2021)
Чөлөөт бөхийн олон улсын шүүгч, нэрт зүтгэлтэн Балдан овогтой Дашням 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр өвчний улмаас таалал төгсч, Монголын чөлөөт бөхөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Б.Дашням нь 1932 онд Төв аймгийн Авдарбаян сумын нутаг “Баянчулуут” гэдэг газар төрсөн. 1941-1945 онд Авдарбаян сумын бага сургууль, 1945-1948 онд аймгийн төвийн дунд сургууль, 1948-1950 онд багшийн сургууль, 1950-1960 онд УБДС-ийг тус тус дүүргэсэн.
Тэрбээр 1950-1960 онд Төв аймгийн арван жилийн сургуульд багш, эрхлэгч, 1964-1972 онд Улаанбаатар 21 дүгээр сургуульд хичээлийн эрхлэгч,
1972-1978 онд 18 дугаар сургуульд захирал,
1978-1980 онд 52 дугаар сургуульд хүмүүжлийн эрхлэгч,
1980-1985 онд 75 дугаар сургуульд захирал,
1985-1988 онд 41 дүгээр сургуульд хичээлийн эрхлэгч,
1988-1991 онд 15 дугаар сургуульд багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Б.Дашням нь багшлахын зэрэгцээ урлаг, спортын олон талт ажилд идэвхийлэн оролцдог томоохон зүтгэлтэн байв. 1964 онд нийслэлийн 21 дүгээр сургуульд хичээлийн эрхлэгчээр томилогдон ажилласан. Энэ үед Монгол Улсад чөлөөт бөхийн спорт эрчимтэй хөгжиж олон түмний сонирхлын ид үе байлаа. Энэ үеэс сургуульдаа баг тамирчдыг бэлтгэх, бүх жинд бөхтэй болох зэрэг санаачлага гаргаж чөлөөт бөхийн секц дугуйланг ажиллуулж ирсэн түүхтэй.
Тэрбээр 1971 онд улсын шүүгч болж чөлөөт бөхийн уулзалт тэмцээн болон Улсын аварга шалгаруулах тэмцээн, бүсийн тэмцээнүүдийг тогтмол шүүн явуулснаас гадна ажилласан сургууль бүрээс шилдэг бөхчүүд төрүүлж байсан юм. 1973 онд хуучнаар ЗХУ-ын Москвад болсон дэлхийн оюутан залуучуудын “Универсиад”наадамд оролцож, Монголоос дөрөв дэх олон улсын шүүгч болсон. Олон улсын шүүгч Б.Дашням нь 1974 онд Болгарын Софид болсон хотод болсон Дан Колов, 1975 онд Пелевен хотод болсон олон улсын тэмцээнд шүүгчээр ажилласан.
МЧБХ-д олон жил шүүгчээр ажилласан ахмад шүүгчдийн нэг байлаа. Түүний ажиллаж байсан сургуулидаас хөдөлмөрийн баатар, ардын багш, гавъяат дасгалжуулагч, Ч.Насантогтох, гавъяат тамирчин О.Пүрэвбаатар, Ц.Цогтбаяр, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Л.Сэргэлэнбаатар, Ч.Батбадрал, гавъяат дасгалжуулагч улсын арслан Л.Сосорбарам, П.Дагвасүрэн, улсын харцага Г.Элбэг нарын зэрэг олон арван шилдэг тамирчид төрсөн гарсан юм. Түүний хөдөлмөрийн төр засаг өндрөөр үнэлж, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, Биеийн тамирын тэргүүний ажилтан, “Спортын алдар” одон, Боловсролын тэргүүний ажилтан, “Багшийн гавьяа” одон, МҮЭ-ий тэргүүний ажилтан, МҮОХ-ны “Алтан медаль”, Хүүхдийн төлөө үндэсний төвийн “Алтан медаль” зэрэг олон медалиар шагнагдаж байв. Талийгаачийн улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ЧӨЛӨӨТ БӨХИЙН ХОЛБОО