Авто зам сэтлэх сүвлэх, орц гарц гаргах зөвшөөрлийн хурлаар 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэлттэй холбоотойгоор Зүүн дөрвөн замаас МУБИС хүртэл замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 29-ний 23:00 цагаас наймдугаар сарын 8-ны өдрийн хооронд хязгаарлах хүсэлт Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас тавьсныг хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөл олгожээ.
Уг ажлыг Зүүн дөрвөн замын засвар шинэчлэлийн ажилтай уялдуулахаар төлөвлөж, энэ үеэр бусад, кабель шугам зэргийг цогцоор нь цэгцлэх, засварлах, шаардлагатай бол шинэчлэх ажлыг хийнэ.
Ажлыг шуурхай дуусгахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч гүйцэтгэгч байгууллага хоёр ээлжээр 24 цагаар ажиллаж, богино хугацаанд хийж дуусгах юм байна.
Хойшлуулшгүй их засварын ажлыг хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө шуурхай зохион байгуулахад тулгарч болзошгүй эрсдэл, хөдөлгөөний зохицуулалтыг хийхийг холбогдох албаныханд мэдэгджээ.