“Гүтгүүлсэн” нэр төрөө сэргээлгэхээр тэмцэж буй С.Цэвээн гуай Төрийн ордны гадна 47 дахь хоног дээрээ суулт хийж байна. Цэргийн албанд 27 жил ажиллаад албан үүргээ гүйцэтгэж яваад онгоцны ослоор амиа алдсан нөхрийнх нь ар гэрт юу ч өгөөгүй атал тухайн үеийн ханшаар 700 мянган төгрөгийн тэтгэмж олгосон гэх баримт дэлгэгдэж, улмаар буурай нэр төрөө сэргээлгэхээр ийн суулт хийгээд буй юм.
Түүнийг суулт хийсэн энэ хугацаанд зарим гишүүд очиж уулзаж буй нэрээр хэвлэл дагуулан өөрсдийгөө л дөвийлгөөд авснаас биш эл асуудлыг шийдвэрлэхэд юугаар ч тусалж чадсангүй.
Эх хүн, бүсгүй хүмүүс эрэгтэй гишүүдээс нийгмийн амьдралыг арай өөрөөр харж, нийлж нэгдээд туслах юм болов уу гэсэн тэд ч таг. Ядаж насыг нь бодоод Төрийн ордны гадна амь насаа дэнчин тавиад суулт зарлаж байгаа түүнд гараа сунгамаар. Энэ мэт зүйл дээр чадахгүй бол тэдний хэрэг юу билээ гэж гайхмаар.
Халуунд халж, хүйтэнд хөрж удаан хугацаанд сууснаар бие нь сульдаж хэцүүхэн харагдана лээ. Олон хоногоор суулт зарлаж иргэнийх нь амь нас дээсэн дөрөөн дээр байхад хамгийн түрүүнд Хүний эрхийн үндэсний комисс гэж байгууллага хамгаалж, түүний эрхийг хамгаалахын төлөө байр сууриа илэрхийлэх ёстой. Гэтэл тэд ч алга. Коронавирусний цар тахал гарснаас хойш хүний эрх зөрчигдаж буй тухай асуудал хэвлэлээр их гарах боллоо. Хүний эрхийн үндэсний комиссынхон юу хийв. Хүний эрхийн төлөө шаардлагатай бол төр засгийн эсрэг дуугарч иргэний эрхийг хангах, хамгаалах, түүний төлөө тэмцэх нь та бүхний ажил биш үү!?
А.Сүх
Сэтгэгдэл (8)