“Токио-2020” зуны олимпын наадамд хөтчөөр ажиллаж буй монгол охин Г.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Танай уншигчдад энэ өдрийн мэнд дэвшүүлье. Намайг Гантуяагийн Дөлгөөн гэдэг. Японд Аялал жуулчлалын мэргэжлээр сурч энэ жил төгссөн.
-Олимпод албан ёсоор ажиллаж буй цөөн монгол хүний нэг нь та. Олимпод ажиллах таны үүрэг оролцоо юу вэ?
-Одоогийн байдлаар олимпын “Village plaza”-д хөтөчөөр ажиллаж байгаа бөгөөд надаас гадна 3-4 монгол хүн олимпод ажиллаж байгаа гэж сонссон. Олимпын наадамд оролцож байгаа тамирчин, дасгалжуулагчдыг мэдээллээр хангах үндсэн үүрэгтэй юм.
-Ажлын хүндрэл гэвэл?
-Мэдээж хүндрэл гарна. Тамирчид тэмцээн уралдаанаас хоцрох нь асуудалтай. Иймд олимпод оролцогчдын асуусан асуулт бүрт аль болох ойлгомжтой харилцаж, шуурхай шийдэхийг хичээж байна.
-Токиод далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй талаар мэдээлж байна. Баг тамирчид энэ шуурганаас хэр санаа зовж байна?
-Маргааш дайран өнгөрөх шуургатай холбоотойгоор гадаа талбайд болох байсан зарим тэмцээн уралдаан хойшилсон тухай Япон төв телевиз болох NHK-ээр мэдээлж байна. Шуурганы дараа хэт халуун болох хандлагатай байгаа болохоор тамирчидаас их тэсвэр тэвчээр шаардах болох нь.
-Та олимпын наадамд ажиллах урилгаа сонссон бэ?
-Миний хувьд “Global Trust Network” компанийн танилцуулгаар ярилцлага өгч энэ ажилд орсон. Олимпын наадмаас өмнө хоёр долоо хоногийн сургалтад суудаг юм.
-“Токио-2020” олимпын наадмаас өмнө томоохон тэмцээн, уралдаан, наадмуудад ажиллаж байв уу?
-Японд ирснээсээ хойш ажиллаж байгаа хамгийн том арга хэмжээ нь “Tокиo-2020” зуны олимп юм.
-Ажлын цагийн хуваарь ямар байдаг вэ?
-Нэг бол өглөөнөөс орой хүртэл ажиллана. Эс бөгөөс оройноос өглөө хүртэл ажиллах хувиараа ажилтан сонгож болдог юм. Нэг улсын багтай голчилж ажиллаж болдог ч би ихэвчлэн ихэнх баг тамирчинтай ажиллаж байна.
-Монголын баг тамирчидтай ажилласан уу?
-Монгол тамирчидтайгаа Олимпын хороонд таарснаас биш хариуцан ажиллаж буй хэсэгтээ бол таараагүй ээ. Монголынхоо төрийн далбааг хараад ажиллахад урамтай, сайхан. Дэлхийн энэ олон улсаас эх орныхоо баг тамирчидаа харахад сэтгэл дотно санагдаж, тэмцээн уралдаанд оролцох бүрт огшиж байдаг.
-Өчигдөр манай Ц.Цогтбаатар хүрэл медаль авлаа. Ажлын хажуугаар түүний барилдааныг харж амжив уу?
-Энд ажлын хажуугаар гар утсаар тэмцээн үзэх хориотой болохоор ажлаа дуусгаад гэртээ харих замдаа харлаа. Үнэхээр үзүүштэй барилдаан болж, сэтгэл их догдлон үзлээ. Монгол хүн олимпын наадмаас медаль авахыг мэдрэх сайхан даа.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)