Эдгээр өдрүүдэд “Токио-2020” олимпын наадам үргэлжилж байна. Үзэгчгүй болж буй “Токио-2020” олимпын наадмын нээлтэд аялагч Г.Ганхүү Монгол Улсын далбааг мандуулсан нь олны анхаарлыг татсан. Тэгвэл төрийн далбаагаа энд тэнд мандуулж, улс орноо сурталчилж байна гэх зүйлд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай бухимдалтай ханддаг гэдгээ хэлжээ.
Тэрбээр “Төрийн далбаагаа спортын уралдаан тэмцээний үеэр мандуулаад, улсынхаа нэрийг гаргалаа, улсаа сурталчиллаа гэх зүйлийг яриад байдаг. Монголчууд маш олон удаа энд тэндэхийн тэмцээн уралдааны үеэр төрийн далбаагаараа биеэ ороогоод, далбаагаа гаргаад түүнийгээ Монгол Улсаа сурталчиллаа, улсынхаа нэрийг гаргалаа гэх зүйл ярих юм. Үүнийг би оновчтой зөв зүйл гэж боддоггүй. Энэ бол улсаа сурталчилах арга ядсан зүйл.
Үнэндээ манай улсыг дэлхий мэддэггүй. Солонгос, Хятад, АНУ, Япон зэрэг баян улсыг л мэддэг болохоос Монгол Улсыг ядуу буурай орон л гэж бодож, хэн ч тоодоггүй. Бид бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Гэтэл улсаа сурталчилж байгаа нь энэ гээд төрийн далбаагаа гаргаад байгаа нь их л арга ядсан арга юм шиг санагддаг.
Бид улс орноо гадаадад тэгэж сурталчлахын оронд дотооддоо хөгжиж, яаж хөгжлөөрөө тэргүүн эгнээн орох уу, ДНБ-ээрээ дээшээ гарах уу, яаж гадны улсуудад шулуулахгүй, тэдэнтэй зөв зүйтэй гэрээ хэлэлцээ, наймаа хийх үү гэдгээ л бодох хэрэгтэй.
Түүнээс бус монгол хүн сумо бөх барилдаад тэнд тэргүүллээ гээд Монгол Улс хөгжсөн зүйл алга. Мөн олимпын анхны медалийг Н.Түвшинбаяр авлаа гээд үнэндээ дэлхий тоож байгаа зүйл байхгүй. Харин нөгөө аварга нь хүн зовож, хүнд гэмтэл учрулсан байна.
Бид нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Дэлхий дахинд маш том өрсөлдөөн, эдийн засаг мөнгө санхүү, улстөр, стратеги, геополитикийн өрсөлдөөн байдгаас бус монгол хүмүүс спортын төрөлд амжилт гаргалаа гээд түүнийг спорт сонирходог хүмүүс л мэдэхээс бус монголчуудад нэмэр болдоггүй юм. Алдартай хөл бөмбөгийн тамирчид, багийг дэлхий нийтээрээ л мэддэг. Гэтэл улс нь хөгжөөд байгаа зүйл байхгүй шүү дээ. Ядуу буурай, мэдлэг боловсрол муутай л хүмүүс байдаг.
Тиймээс төрийн далбаагаа энд тэнд гаргаж, улс орноо сурталчилж байна гэвэл энэ бол үнэхээр арга ядарсан арга. Ядуу буурай орны иргэд л ийм арга хэрэглэдэг нь гашуун үнэн шүү.
Үнэндээ ингэж өөрсдийгөө, улс орноо ч эвгүй байдал оруулах хэрэггүй. Тиймээс энэ аргыг бүү хэрэглээч ээ гэж хүсмээр байна.
Бид хөгжлөөрөө мөнгөөрөө амьдралын түвшингөөрөө л үнэлэгдэнэ. Түүнээс Олимпод хэдэн медаль яаж авсан, далбаагаа хэдэн удаа мандуулсан нь хэн ч хамаагүй. Тэглээ гээд бид хөгжихгүй. Тэр тамирчид нь ч улс орноо сурталчилаад байгаа зүйл байхгүй. Өөрийнх нь мэргэжил, ажил нь л болохоор түүгээрээ хоолоо олж идэх гэж л яваа улс. Дэлхий ч ингэж харж байгаа. Гэхдээ энэ бол миний л бодол шүү” хэмээсэн байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (17)