Гадаад хэлийг нэг жилийн дотор амжилттай сурч, хүссэн мэргэжлээрээ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадсан М.Мөнхзулыг бид өмнө танилцуулж байсан билээ. Тэрбээр өдгөө БНСУ-д суралцаж байгаа юм. Түүнтэй гадаад хэлийг хэрхэн үр дүнтэй сурсан, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдсан талаар ярилцлаа.
-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж БНСУ-д сурч байгаа гэсэн. Аль сургуульд, ямар мэргэжлээр сурч байна?
-БНСУ-ын Ewha Womans University-д бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж байгаа.
-Суралцан байгаа их сургуулийнхаа талаар сонирхуулаач. Тус сургуулийн онцлог юу вэ?
-Манай сургууль Солонгостоо ранкаараа эхний 10-т ордог, Солонгосын хамгийн том бөгөөд хамгийн анхны эмэгтэйчүүдийн сургууль. Мөн оюутны хотхон нь хуучны барилгууд ихтэй, хамгийн гоё хотхонтой сургуулиудын нэг. Мөн оюутнууддаа бэлэг өгч, урамшуулдаг. Ер нь сурах орчиныг маш сайн бүрдүүлж өгсөн сургуульд сурч байгаадаа баяртай байгаа.
-Сургуулиа хэрхэн сонгосон вэ. Өөрт тань хэн нэгэн зөвлөгч байсан уу?
-Сургуулиа сонгоход хамгийн их нөлөөлж, зөвлөж өгсөн хүн бол манай сургалтын төвийн багш байсан. Багшаасаа тухайн сургуулийнхаа талаар сонсоод, өөрөө ч хайж үзэхэд их таалагдсан. Солонгостоо сургалтаараа дээгүүр жагсдаг мөн байршил болоод сургуулийн хотхон нь их таалагдаад энэхүү сургуульд сурахаар шйидсэн.
-Тэтгэлэгт хамрагдаж, гадны улс оронд сурах нь бараг хүүхэд бүрийн мөрөөдөл байдаг байх. Мэдээж энэ бүхэнд хүрэхэд амаргүй байсан байх?
-Зорилгоо тодорхойлоод, өдөр бүр түүнийхээ төлөө цаг гаргаж, хичээж чадвал хүн юуг ч хийж чадна гэж боддог. Би гадаадад сурна гэж шийдсэнээсээ хойш сурч буй хэлээ өдөр бүр давтан, хажуугаар нь нэмэлт мэдээллүүдээр өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог байсан. Ингэж хичээсний эцэст тэтгэлэг авч чадсан.
-Тэтгэлгийн шалгуурт тэнцэхийн тулд хэрхэн бэлдэж байсан бэ?
-Юун түрүүнд тэтгэлгийнхээ талаар сайн судалсан. Тэгээд өмнөх жил нь гарсан зарынх нь дагуу материалаа бүрдүүлж байсан. Өөрийн танилцуулга болон суралцах төлөвлөгөөгөө ойролцоогоор нэг сарын турш бичиж байсан. Ер нь тэтгэлэгт хамгийн чухал нь эсээ байдаг болохоор эсээн дээрээ хамгийн их анхаарсан.
-Тэтгэлгээр суралцах гэж байгаа сурагчид юунд анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг вэ?
-Тэтгэлэгт бэлдэж байвал хэлний онооноос гадна эсээн дээрээ маш их анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Эсээн дээрээ өөрийгөө сайн илэрхийлж чадвал тэр маш том оноо болно. Тиймээс эсээгээ дахин дахин бичээрэй гэж хэлмээр байна.
-Гадаад хэлийг нэг жилийн дотор сурсан гэж байсан. Үүнийгээ жаахан тодруулаач. Эх орондоо байхдаа хаана, ямар сургуульд сурч байв?
-Би ерөнхий боловсролын 31-р сургуулийг төгссөн. Харин Солонгос хэлийг “Ganada Korean Language Center”-д суралцан яг жилийн дараа шалгалтаа өгөөд TOPIK-н 6 оноо авч байсан.
-Ихэнх хүмүүс гадаад хэлийг багаасаа, төлбөртэй сургуульд сурч байж л үр дүнд хүрнэ гэсэн бодолтой байдаг. Чиний хувьд бол үүнтэй санал нийлэхгүй нь ээ?
-Би бол гадаад хэлийг дахин дахин давтсаны үр дүнд сурдаг гэж боддог. Хэрвээ багаасаа, төлбөртэй сургуульд сураагүй болохоор л би гадаад хэл сурч чадахгүй байна гэж бодож байвал тэр зүгээр л шалтаг шиг санагддаг. Хүн аливаа хэлийг суръя гэвэл ямар ч аргаар сурч болно. Хамгийн гол нь тухайн хэлдээ дурлан сурах хэрэгтэй. Өөрийнхөө дуртай зүйлээр дамжуулан тухайн хэлийг сурвал илүү үр дүнтэй сурч чадна гэж боддог.
-Нууц биш бол ирээдүйн мөрөөдлөө хуваалцаач?
-Одоо Монгол залуус бүр гадаад явахын хүслэн болсон шүү дээ. Ирээдүйд энэ бүхэн эсрэгээрээ, гадаад залуус Монголд ирэхийг хүсдэг байгаасай гэж мөрөөддөг. Ирээдүйд илүү ихийг сурч мэдээд, ийм нийгмийг бүтээхийн тулд жаахан ч болтугай хувь нэмэр оруулахыг хүсдэг.
-Хэлтэй бол хөлтэй гэдэг. Гадаад хэл сурах сонирхолтой маш олон хүүхэд залуус байгаа. Тэдэнд өөрийн гадаад хэл сурсан арга туршлагаасаа хуваалцаач?
-Зорилгоо ухамсарлаад түүнийхээ төлөө хичээнгүйлэн хийх хэрэгтэй гэж бодож байна. Миний хувьд Солонгос хэлийг сургалтын төвөөр дамжуулан сурч байсан. Тиймээс багшийн өгч буй мэдээллүүдийг ойлгож, өөртөө шингээж авахын тулд хичээлээ сайн давтддаг байсан. Хүн аливаа зүйлийг заалгах үедээ, яг тухайн үед нь ойлгож авч байгаа мэт байдаг боловч түүнийгээ давтахгүй бол мартчихдаг шүү дээ. Тийм болохоор шантралгүйгээр, тууштайгаар дахин дахин давтсаар л байвал ямар ч хэлийг сурч чадна гэж бодож байна. Мөн хэлийг хурдан хугацаанд суръя гэсэн ухагдахуунаар биш энэ хэлээр дамжуулан илүү ихийг мэдье гэсэн ухагдахуунаар сурвал илү үр дүнтэй байх гэж бодож байна.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)