Дэлхий дахиныг нөмөрсөн “Ковид-19” Цар тахлын аюулыг даван гарахын төлөө Монгол хүн бүр хичээн зүтгэж байна. Цар тахлын эсрэг тэмцлийг манлайлж буй Эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсдаараа монгол хүн бүхэн бахархаж байгаа. Тиймдээ ч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс эрүүл мэндийн салбарынханд тусламжийн гараа сунган, өөрсдийн дэм тусаа харамгүй өгсөөр буй.
Түүний нэг нь “Цахиур Төмөр” эм ханган нийлүүлэх компани юм. Тус компанийн зүгээс өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-д 25 сая төгрөгийн үнэ бүхий витаминуудыг хандивлалаа. Хандивыг “Цахиур төмөр” компанийн Гүйцэтгэх Захирал С Тамир болон Үйл ажиллагаа хариуцсан гүйцэтгэх захирал Г.Энхтуяа нар ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагт гардуулан өглөө.
Энэхүү хандивлаж буй витаминуудыг цар тахалтай нүүр тулан, халдвартай орчинд ажиллаж буй ХӨСҮТ-ий Эмч, сувилагч, асрагч, ариутгагч, жолооч тэдний ар гэр, үр хүүхдүүдийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой болохыг дэд захирал М.Тунсаг хэлж байв.
Тэрбээр “Манай эмнэлгийн эмч ажилчид маань ёстой л галын шугам дээр зогсон өвчинтэй халз тулалдаж байна. Яг энэхүү хүнд цаг үед бидэнд гараа сунган тусалж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд олон бий. Түүний нэг нь Цахиур төмөр компани болж байна. Ковидоор халдварласан иргэнийг эмчлэхийн тулд витамин С-г суурь болгон уулгаж, эмчилдэг. Тиймээс цар тахалтай тэмцэж буй бид нарт энэхүү витаминууд байлдагчийн галт сум мэт нэн шаардлагатай байсан юм аа. Үнэхээр цаг үеэ олсон тусламж байлаа” гэлээ.