Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хууль бус үйлдэл, тоомжиргүй, хэнэггүй байдал тасрахгүй нь. Коронавирусний халдварын эрсдэлтэй хамгийн том голомт байсан, одоо ч байгаа тус эмнэлгийнхэн халдвартай, аюултай хог хаягдлаа ил задгай хаяж байна. Ялангуяа тухайн орчмын оршин суугчдад энэ нь ихээхэн эрсдэлийг дагуулж буй юм.
Байрнуудын дунд аюултай хог хаягдал гэсэн тэмдэг, тэмдэглэгээтэй ариутгалын материалууд, тариур, өвчтөнүүдийн хэрэглээд хаясан бохир зэрэг бүгдийг байрнуудын дундах ганц хогийн цэгт аваачиж хаядаг ч удалгүй тэнэмэл иргэд задлаад хаячихдаг. Энэ нь тэр хавиар нэг хийсч, хог хаягдал үүсгэхээс гадна хамгийн гол нь коронавирусний халдвартай эд зүйл гэдгээрээ аюул, эрсдэл дагуулж байна. Эмнэлгийнхэн ч аюултай хог хаягдал мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч хаях өөр газаргүйгээс гэсэн тайлбар хэлж байна.
Гавьяат эмч Б.Даш-Яндаг хувийн гэдгээрээ хийрхэн, албаныхны үгийг үл тоодог. Тиймдээ ч халдварын хамгийн том голомт болсон. Үүнийгээ ч бүрэн устгаж амжаагүй байж дараагийн эрсдэлийг ойр орчимдоо учруулж байна.
Коронавирусний халдвар агаар, дуслын замаар дамждаг учраас хоорондын зайг барих, цаашлаад хүрэлцэх шүргэлцэх төдийд халдварлах эрсдэлтэй гэдгийг холбогдох албаныхан сануулсаар ирсэн. Гэтэл аюултай хог хаягдлаар амьсгалж, эд зүйлс нь гудамжаар нэг хөглөрч байгаад бухимдсан эмнэлгийн ойр орчмын айл өрх дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хяналт, онцгой байдлын албад цаашлаад УОК гээд хандаагүй газар үгүй гэнэ.
Харин өмнө огт тоомжиргүй хандаж ирсэн дээрх албаныхан хэвлэл мэдээллээр уг асуудлыг хөндөж эхлэхээр л хөдөлгөөн орж, өнөөдрөөс НМХГ, нийслэлийн Онцгой байдлын албаныхан газар дээр нь очиж шалгалт хийн эрсдэлийг тооцохоор болжээ.
Гавьяат эмч гэдгээрээ сүр далайлган, хувийн эмнэлэг гэдгээрээ “Бид өөрсдөө мэднэ” хэмээгээд гэдийгээд суучихдаг Баянзүрх дүүргийн эмнэлгийн удирдлагууд яаж байж хашрах юм болоо. Олон өвчтөн, сахиур, эмч, ажилчдаа эрсдэлд оруулсан нь багадаад одоо бүр ойр орчмынхоо айл өрхийн оршин суугчдын эрүүл мэндэд заналхийлэл учруулж эхэллээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (9)