Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн Шороон үхрийн шинжийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар ийн тайлбарлажээ.
Монгол зурхайн ёсоор XVII жарны Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жил гарлаа. Жилийн ерөнхий шинжийг шороон үхэр жилийн зурлага, эзэн гараг, хаан гараг, түшмэл гараг, боовны үр гэх мэт зурхайн зурлагуудаар шинждэг уламжлалтай. Монголчууд бид үхэр жилийг шинжихдээ голчлон шороон үхэр жилийн зурлагаар шинждэг.
Шороон үхэр жилийн зурлагад:
ҮХЭР НЬ: Толгой нь цагаан, бие, ходоод, өвчүү, цулбуур шар, омруу, туурай ногоон, эвэр, чих, сүүл хөх, дөрвөн шийр нь оготно улаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна.
Үхэр хариулагч нь:
“Царай нь улаан, малгайныхаа баруун чихийг сөхөж, зүүн талаа буулгасан, гэзэг нь хоёр чихнийх нь ард талаар хийссэн, дээл нь хөх, бүс нь шар, баруун хөлдөө ногоон гутал өмссөн, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан, олсоор томсон бургасан шилбүүр барьсан, хүч чадал бага, идэр залуу үхрийнхээ өмнө яаравчлан гүйдэг” хэмээн дүрслэгдсэн.
Эл зураглалаас жилийн байдлыг ажвал, өвгөд хөгшдөд дорой, залууст сайн, нялхаст буюу түмэн олонд дунд байх нь ээ. Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах, улс эх орны эдийн засаг сайжирч, эрүүл мэндэд сайн жил байх болно.
Харин иргэдийн ахуйн амьдрал тааруу байх бөгөөд хэрүүл тэмцэл өрнөх аж. Хот суурин газарт галын аюул нүүрлэх магадлалтай. Цаг агаарын хувьд, цас, бороо элбэг, газрын шим арвижих, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц сайн байна. Улмаар намар урт болж, буян хишиг хурж, эд мал дэлгэрэх шинжтэй байгаа. Өөрөөр хэлбэл, гарч буй жилийн өнгө ийм байх нь гэсэн үг.
Р.Алтан
Сэтгэгдэл (2)